Ч.Алтанцэцэг: Монголч эрдэмтдийн хурал монгол соёлоо дэлхийд таниулах том алхмыг хийлээ
Б.ЭНХТУУЛ
Өнгөрсөн сард АНУ-ын Вашингтон хотноо олон улсын монголч эрдэмтдийн бага хурал амжилттай зохион байгуулагдсан. Хурлын онцлог болоод монгол соёлын өдөрлөг тойрсон онцлох зүйлсийн талаар СУИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал Ч.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-“Явсан хүнээс үг сонс” гэдэг. СУИС-ийн багш нар сар шинийн өмнөхөн хилийн чанадад олон улсын монголч эрдэмтдийн бага хурлаа зохион байгуулаад ирсэн гэж сонссон. Энэ талаарх мэдээллээр яриагаа эхэлье?
-Бид өнгөрсөн сарын 4-нөөс 14 хоногийн хугацаатай, АНУ-д аялаад ирлээ. Аяллын гол зорилго Вашингтон дахь Монгол соёлын төв, АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Смитсонианы хүрээлэнгийн Байгалийн түүхийн музейтэй хамтран Олон улсын монголч эрдэмтдийн XIV бага хурлыг “Монголчуудын соёл, урлаг” сэдвийн хүрээнд хамтран амжилттай зохион байгуулаад ирсэн.
СУИС-ийн хувьд энэ хурлыг хамтран зохион байгуулах болсон шалтгаан гэвэл олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг таван жилд нэг удаа зохион байгуулдаг. Хамгийн сүүлд 2016 онд олон улсын монголч эрдэмтдийн XI их хурлыг Төрийн ордонд хийсэн. Энэ хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэн судлаач оролцсон, улсын хэмжээний том хурал болсон. Энэ үеэр бид шашин соёлтой холбоотой нэг салбар хуралдааныг нь зохион байгуулж байсан юм. Үүнээс хойш СУИС монгол судлалын хуралд идэвхтэй оролцож ирсэн. Тухайн үед манай сургуулийн удирдлагуудын Монголын соёл, урлаг бол монгол судлалын том объект учраас соёл урлагийн чиглэлээрх хурлыг хоёр жилд нэг удаа зохион байгуулж байя. Таван жилд нэг удаа хуралдана гэхээр цаг хугацааны хувьд хол зайтай байна гэсэн саналыг гаргасан нь дэмжигдээд, хоёр жилийн дараа бид “Монголчуудын соёлын ертөнц, үнэт өв, урлаг” гэсэн сэдвээр эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан. Энэ хурлыг БСШУСЯ, ШУА, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөл, Олон улсын монголч эрдэмтдийн холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байсан.
Энэ хуралд 11 орны 84 монголч эрдэмтэн судлаач оролцож байсан. Соёл, урлаг гэсэн чиглэл рүүгээ илүү түлхүү хандсан, олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн том хурал болсон. Дараагийн ээлжит хурал нь өнгөрсөн сарын 7-9-нд АНУ-ын Вашингтон хотод бидний хамтран зохион байгуулсан хурал боллоо.
-Олон улсын монголч эрдэмтдийн их хурал олон сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлдэг. Энэ удаагийн хурлаас онцлох зүйлс юу байв?
-АНУ-ын Монгол соёлын төв, Вашингтон дахь Элчин сайдын яамтай хамтран жил бүр монголч эрдэмтдийн бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулж байна.
Энэ хуралд Монгол, АНУ, БНСУ, Франц улсаас олон монгол судлаач эрдэмтэн хүрэлцэн ирж Монголын урлаг соёл, түүх, археологи, хэл утга зохиол, байгаль хамгаалал, АНУ дахь монголчууд чиглэлээр илтгэл тавин оролцсон.
АНУ-ын Монгол судлалын төвийн тэргүүн нь Конгрессын номын санд ажилладаг, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ гэж залуу байдаг. Тэгээд энэ удаагийн хурлаа СУИС-тай хамтран зохион байгуулъя гэж ярилцаж тохироод бид бүтэн жил бэлтгэл ажлаа ханган энэ хурлыг зохион байгуулсан.
Хурлын гол илтгэл Конгрессийн номын санд тавигдаж, урлаг, соёл, түүх археологийн чиглэлээр хийсэн салбар хуралдаанууд нь Смитсонианы хүрээлэнгийн Байгалийн түүхийн музейд болсон. Олон салбар хуралдаантай, олон сонирхолтой илтгэл тавигдсан төдийгүй монголчуудын урлаг соёлтой холбоотой олон сайхан илтгэл хэлэлцүүлснээрээ энэ удаагийн монголч эрдэмтдийн бага хурал их онцлог болсон хэмээн хуралд оролцогчид хэлж байсан. Мөн Америкт амьдарч буй монголчуудын талаар хийсэн илтгэл, судалгаануудыг хэлэлцсэн. Энэ илтгэл их сонирхолтой санагдаж байлаа. Тухайлбал, Америкт амьдарч буй монголчуудын шашин, соёлын хандлага ямар байна. Тэнд амьдарч буй монгол хүүхдүүд, эцэг эхчүүдийн боловсролд хандах хандлага ямар байна гээд нарийвчилсан судалгаануудыг танилцуулж байгаа нь хуралд оролцогчдын сонирхлыг их татаж байлаа.
Орчин үеийн судалгааны нэг чиглэл чинь өнөөгийн нийгэмд хүмүүс яаж амьдарч байна вэ гэдгийг судлахад чиглэж байна. Судалгаа гэхээр бид өнгөрсөн цаг үеийн зүйлс, өв соёлоо судалж байгаа ч орчин үеийн судалгаа, хүний нийгмийн амьдрал хэрхэн яаж явж байна вэ гэдэг нь бас хэчнээн чухал болохыг энэ бүх илтгэлээс харж болохоор байв.
-СУИС-аас хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон бэ. Мэдээж, хамтран зохион байгуулагч тал гэдэг утгаараа монгол өв соёлоо сурталчлах голлох илтгэлүүдийг тавьсан байх?
-Энэ удаагийн хуралд оролцсон багийг миний бие ахалж явсан. Нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй том баг явсан. Би хурлыг хамтран зохион байгуулагч байгууллагын төлөөллийн хувиар нээлтийн үг хэлснээс гадна Дүрслэх урлаг гэсэн салбар хуралдааныг удирдсан.
Энэ хуралд СУИС-ийн багш нар долоон илтгэл хэлэлцүүллээ. Манай профессор багш өөрсдөө биет бус соёлын өвийг тээгчид байдаг онцлогтой.
Жишээ нь, лимбэний битүү амьсгааны талаар доктор Ц.Цэвэгсүрэн, бий биелгээний хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээний талаар М.Мөнгөнцэцэг, монгол хөөмийн төрөл зүйлийн судалгааны талаар С.Загд-Очир, уртын дуу дуулах арга зүйн талаар Б.Батболд, Монголын кино урлагийн хөгжлийн талаар Ц.Цэвэгсүрэн, урлаг судлалын талаар Ж.Долгорсүрэн багш илтгэл тавьсан. Бас нэг сонирхолтой илтгэл нь Д.Даваасүрэн багшийн шашин, соёлын зан үйлд хэрэглэгддэг бишгүүрийн ая дангийн тэмдэглэгээний талаарх илтгэл байлаа.
Энэ мэтчилэн олон орны монголч эрдэмтдийн илтгэл тавигдсан. Энэ хурал олон нийтэд нээлттэй, хүссэн хүн бүр сонсогч, хэлэлцэгчээр оролцох боломжтой гэж зарлагдсан байсан учраас илтгэл тавиагүй ч, судалгааны ажил хийж буй, ном бүтээж туурвиж буй орон орны эрдэмтэн судлаачид оролцсон том хурал болсон.
-Ач холбогдлын хувьд энэ хурал АНУ дахь Монгол соёлын төв болон тэнд амьдарч буй монголчууд, олон улсын монголч эрдэмтдэд олон шинэ сэдэв, судалгааны олон баримт дэлгэсэн, шинэ мэдээлэлтэй хурал болсон байх?
-Тэгэлгүй яахав. Энэ хурлыг хамтран зохион байгуулагч талууд маань хурлын ач холбогдлыг маш өндрөөр үнэлсэн. Бидний хувьд ч мөн адил.
Энэ хуралд оролцохын сацуу бид бас нэгэн том ажил амжуулсан нь Конгрессийн номын санд СУИС-аас эрхлэн гаргасан ном, судалгааны бүтээлүүд, сургалтын гарын авлагуудаа гардуулан өгсөн. Ингэснээр бид Монголын соёл, урлагийн талаарх ном, гарын авлагуудыг судалгааны эргэлтэд оруулж байна гэсэн үг. Бидэнд том боломжийг олгосон.
Ялангуяа, сүүлийн жилүүдэд СУИС нэлээд олон ном бүтээж туурвисан. “Соёл, урлагийн тайлбар толь” таван боть ном гаргасан. Манай эрдэмтэн профессоруудын өв гэдэг байдлаар гаргасан номуудаа өгсөн. Энэ ном хоёр чиглэлээр хэвлэгдэж гарсан байдаг. Тухайлбал, “Уртын дууны хатан хаан” Н.Норовбанзад багшийн тухай, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин, дуурийн дууны сургалтыг үндэслэгч Г.Хайдав багшийн “Дуурийн дууны ханхүү”, манай багш, нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа гуайн тухай номыг нэрлэж болно.
Эдгээр ном нь дан ганцхан уран бүтээлчийн намтар түүхийг өгүүлэх бус монгол өв соёлоор бахархах, түүнийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой бүтээгдсэн байдаг. Мөн манай сургуулийн тэргүүлэх профессоруудын нэг уран дархан Д.Энхдаваа, С.Дулам багш, Ж.Баянсан багшийн номыг бид бас хэвлэн гаргасан. Энэ мэтчилэн бид өгөөжтэй, хэрэгтэй 80 шахам бүтээлүүдийг Конгрессийн номын санд гардуулан өгсөндөө их баяртай байгаа.
-Хурлын илтгэлүүд сэдвийн хувьд өргөн хүрээтэй байсан байх. Мөн итгэл тавьж байгаа эрдэмтэн судлаачид их судалгаа хийж, олон материал харж, архивд суусан байж таарна. Шинэ санаа дэвшүүлсэн сонирхолтой илтгэлүүдээс дурдаач гэвэл?
-Нүд чих баясах олон сонирхолтой илтгэл тавигдсан. Жишээ нь, монгол зургийг орчин үед хэн ямар шинэлэг чиглэлээр туурвиж, зурж байгаа талаар Уранчимэг профессорын тавьсан илтгэл их сонирхолтой байлаа. Олон орны зураачдын бүтээлд анализ хийгээд ярьж байх жишээтэй. Мөн Төрийн хошой шагналт, анхны Ардын зураач О.Цэвэгжав гуайн охин чөлөөт судлаач Ч.Дагиймаа аавынхаа зурсан алдарт зураг “Азарганы ноцолдоон” зургийн тухай илтгэл тавьсан нь сонирхолтой байлаа.
Утга зохиолын шүүмжлэгч судлаач, доктор, профессор Ч.Дагвадорж багштай тэнд таарав. Хотгойд дууны гарал үүслийн талаар өөрөө дуулж үзүүлээд, дууны үг аяны талаар маш сайхан илтгэл тавьсан. Мөн сонирхолтой илтгэлийн нэг нь Ховд аймгийн театраас ирсэн Х.Эрхэмбаяр ХХ зууны сэдэвт дуунуудын тухай сонирхолтой илтгэл тавьсан. Энэ мэтчилэн хоёр өдөр тавигдсан илтгэлүүдэд анхаарал татахуйц сэдэв олон байсан.
-Энэ үеэр монгол зан заншил, соёл урлагаа сурталчилсан нээлттэй өдөрлөг болсон гэж сонссон. Энэ тухай сонирхуулаач?
-Энэ арга хэмжээнд, Үндэсний түүхийн музейгээс гурван хүн, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат тэргүүтэй албаны хүмүүс явсан. Мөн Түүх, археологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Р.Эрдэнэцэцэг, МУБИС, МУИС, СУИС-ийн багш нар гээд Монголоос өргөн бүрэлдэхүүнтэй баг явсан. Хурлын ач холбогдлыг оролцогчид өндрөөр үнэлж байсан.
Энэ үеэр Монгол өв соёл, уламжлалаа сурталчилсан нээлттэй өдөрлөг болсон нь хүмүүсийн сонирхлыг их татсан. Монгол гэрээ бариад, эсгий хийх, ноос савах зан үйлээ бодитоор нь хийж танилцуулаад, уртын дуу хөөмийгөө эгшиглүүлээд, багш нар нь тойрон бүжгээ бүжээд их идэвхтэй оролцсон. Энэ бүхэн маань гаднын оролцогчдын сонирхлыг их татаж байлаа.
Түүнчлэн АНУ-ын Делаверийн их сургууль дэргэдээ хөгжмийн сургуультай юм байна. Энэ сургуульд Сүмин гэдэг солонгос багш Азийн хөгжмийн урлагийн хичээл заадаг. Уртын дуугаар докторын зэрэг хамгаалсан хүн байдаг юм байна. Конгрессийн номын санд тавигдсан үндсэн илтгэлд энэ багш хөгжим судлал талаас, хэл шинжлэл талаас Саруул-Эрдэнэ, уртын дууг дуулах ур зүйн талаас СУИС-ийн багш Б.Батболд нар хамтарсан илтгэл тавьсан нь их содон, сонирхолтой байсан. Энэ бүх арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр бас идэвхтэй оролцсон. Энэ мэтчилэн дурдвал хурлын ач холбогдол их өргөн болсон.
-Монголч эрдэмтдийн хурал жил ирэх тусам хүрээгээ тэлж байна. Дэлхийн олон орон энэ чиглэлд анхааран ажиллаж байна. Тийм болохоор СУИС-ийн зүгээс бас цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярьсан зүйл байгаа байх?
-АНУ-ын топ сургуулиудын нэг Пеньсилваны их сургуульд монгол судлалыг нээсэн байна. Өмнө нь Индианагийн их сургуульд монгол судлалыг түлхүү хөгжүүлдэг байсан. Пеньсилваны их сургуульд Ази судлалын ангийг хэсэгтээ монгол судлалын нээж хөгжүүлэхийн тулд олон чадварлаг профессор багш, судлаачдыг урьж авчирч багшилж байна. Үүнд нэрт судлаач Кристофер Этвүд, Нанси Стайнхард багш нарын хичээл зүтгэл их юм.
Монгол судлал тэнд сууриа тавьж байгаад бидний хувьд их баярлаж талархан хүлээж авч байлаа. Энэ сургуульд бас Америк дахь Монгол соёлын төвийн гишүүн, судлаач багш Ц.Наранцэцэг багшилдаг юм байна.
Бидний хувьд энэ оюунлаг хүмүүстэй хамтран ажиллаж, монгол судлалыг хөгжүүлэх, ирэх зун Монголд зохион байгуулах арга хэмжээнүүдэд хамтран ажиллах талаар ярилцсан.
Эх сурвалж : Зууны мэдээ сонин