ЭМЯ: Бид халдвартай иргэдийн ирэхээс өмнө бэлэн байдлыг хангасан байсан учир сандрах хэрэггүй
ЭМЯ-аас коронавирусын өвчлөлийн талаарх цаг үеийн ээлжит мэдээллийг хийж байна. 2020.03.17-ны өдрийн мэдээллийг шууд дамжуулав.
Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас гуравдугаар сарын 17-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээллүүдийг өгч байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Шинэ коронавирусын халдвар авсан гурван иргэн Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд байгаа. Бид иргэдийн ирэхээс өмнө бэлэн байдлыг хангасан байсан. Тодруулбал, онгоцонд суусан бүх хүмүүсийг масктай суулгасан. Хоол, хүнсний ямар нэгэн зүйл өгөөгүй. Аль болох хоорондоо ярихгүй байх зөвлөмж өгсөн. Мэргэжлийн хяналтын байцаагч нар зорчигчдод ажиглалт хийж байсан. Тархвар судлалын хувьд хүн амд эрсдэл багатай голомт гэж үзэж байна.
БНСУ-аас ирсэн, шинэ коронавирусын халдвартай хоёр иргэний хувьд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байсан иргэд байсан. Аль ч орны эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг халдвар тараах үндэс суурь болж байна. Иймд иргэд юуны түрүүнд хамгийн эхний тусгаарлалтыг гэртээ хийхийг дахин сануулж байна" гэлээ.