"COVID-19" вирусын халдвар илэрсэн улс орны тоо 162 боллоо

Өнөөдрийн байдлаар буюу 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 11:00 цагийн байдлаар “COVID-19” халдвар Бенин, Гренланд, Либери, Сомали, Танзанид шинээр бүртгэгдсэнээр халдвар илэрсэн улс орон, нутаг дэвсгэрийн тоо 162 боллоо.

Уг вирусын халдвар голомтлон гарсан улс орнуудад өвчлөл ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе. 

 СӨҮЛ: БНСУ-д даваа гарагт коронавирусний халдварын 84 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 8230 боллоо гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээллээ.Шинээр илэрсэн тохиолдлуудын 32 нь Дэгү хотод, 12 нь нийслэл Сөүлд, 31 нь Гёнгидо мужид, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Нас барсан тохиолдлын тоо 6-гаар нэмэгдэж 81 болсон бол 264 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан нийт хүний тоо 1401 болсон байна. Одоогийн байдлаар 17 291 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.

БЭЭЖИН: Эх газрын Хятадад даваа гарагт коронавирусын халдварын 21 шинэ тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд мэдээллээ.

Үндэсний эрүүл мэндийн комиссоос мэдээлснээр, даваа гаргийн оройны байдлаар коронавирусын халдвар авсан хүний тоо 80881 болж, 3226 хүн нас баржээ. Халдвар авсан 68679 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан бол 8976 өвчтөн эмчлүүлж байгаа аж.Даваа гарагт нас барсан хүмүүсийн 12 нь Хубэй мужид, нэг нь Шаньси мужид бүртгэгдсэн бөгөөд шинээр илэрсэн тохиолдлуудын 20 нь гадаадын орнуудаас зөөвөрлөгдөн иржээ.

Мөн тухайн өдөрт халдвар авсан байх магадлалтай 45 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 930 хүн эмнэлгээс гарч, биеийн байдал хүнд хүний тоо 202-оор буурч 2830 болжээ. Үүнээс гадна халдвар авсан хүмүүстэй ойр байсан 9351 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд даваа гарагт хяналтад байсан 1105 хүн гэртээ харьжээ.

ВАШИНГТОН: АНУ-д коронавирусний  батлагдсан  тохиолдол 3000 давж, 61 хүн нас бараад байна. Уг вирусээр амиа алдсан хүмүүсийн 25 нь Вашингтоны Киркланд дахь Асрамжийн газарт байсан хүмүүс аж.

АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвүүдийн зүгээс найман долоо хоногийн турш 50 болон түүнээс дээш хүнтэй олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах нь эрсдэлтэй гэсэн зөвлөмжийг өгч буйг CNN мэдээллээ.

Эрүүл мэндийн байгууллагын ажилтан хэлэхдээ “Олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг найман долоо хоногийн хугацаанд цуцалж, онлайнаар шийдвэрлэх боломжуудыг ашиглах хэрэгтэй” гэжээ.

.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.117.107)