Эрэгтэйчүүдэд ямар бэлэг таалагддаг вэ?
Хэдхэн хоногийн өмнө олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрсөн бол ээж, эмээ, эгч, дүү, найз бүсгүй гээд хайртай эмэгтэйчүүдээ баярлуулсан эрчүүдээ баярлуулах өдөр болох гэж байна. Хэдийгээр гуравдугаар сарын 18-ны өдрийг "Монгол цэргийн өдөр" хэмээн нэрлэсэн ч энэ өдрөөр монголчууд бид эрчүүдийгээ хайрлан халамжлан өнгөрөөдөг нь нууц биш билээ.
"COVID-19" буюу шинэ коронавирусийн халдвараас үүдэн хөл хорио тогтоогоод байгаа энэ үед та бүхэн маань хайртай эрчүүдээ баярлуулмаар байгаа ч яаж гэдгээ мэдэхгүй байна уу? Тэгвэл www.news24.mn сайтын хамт олон охид бүсгүйчүүд та бүхэндээ зориулан хайртай эрчүүддээ бэлэглэж болох бэлгийн санаануудыг хүргэж байна.
ТОГЛООМЫН ГАР
Залуусын тоглох дуртай PUBG, Mobile Legends, League of Legends зэрэг тоглоомуудыг тоглоход энэхүү гар их хэрэг болдог. Өөрөөр хэлбэл gamer залууст хамгийн тохиромжтой бэлэг юм. Үнийг хувьд ч хямд байдаг шүү.
БИЕИЙН ТАМИРЫН ХОСЛОЛ
Сагс, волейбол, хөлбөмбөг, усан сэлэлт зэрэг спортоор хичээллэдэг тамирчин залууст биеийн тамирын хослол, аль эсвэл сул цамц их таалагддаг. Мөн тодорхой нэг спортоор хичээллэдэггүй ч ихэнх залуус найзуудаараа спорт зал авч аль болох спортлог байхыг эрмэлздэг. Дуртай тамирчных нь жерси /jersey/ ч байсан таалагдах болно.
НОМЫН ХАВЧУУРГА
Таны бэлэг бэлэглэх гэж байгаа хүн номын хорхойтон бол номын тавиур болон хавчуурга нүдээ олсон бэлэг байх болно. ЭМЯ-наас "Шаардлагагүй бол гэрээсээ гарах хэрэггүй" гэж зөвлөсөн учир номын хавчуургаа өөрийн гараар хүссэн өнгө загвараараа хийгээд бэлэглээрэй. Сэтгэлээ шингээн өөрийн гараар хийсэн бэлгээс сайхан бэлэг гэж үгүй шүү дээ.
ЗӨӨВРИЙН УСНЫ САВ
Пластик сав үйлдвэрлэхэд ашигладаг BPA хэмээх бодис нь саванд бактери ургуулах сөрөг нөлөөтэй байдаг бөгөөд тухайн бактери нь үржил шимд нөлөөлж, цаашлаад хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Тиймээс зөөврийн усны сав бэлэглэх нь түүний эрүүл мэндэд анхаарч байгааг тань илэрхийлсэн бэлэг болох юм. Усны саваа сонгохдоо BPA-free буюу уг бодисыг агуулаагүй савыг сонгоорой.
ДУУ ӨСГӨГЧ
Дуу хөгжимд дургүй хүн гэж үгүй биз. Ялангуяа өсвөр насныхан болон залуус гэртээ ганцаараа байхдаа ч, аль эсвэл найзуудтайгаа бөөндөө байхдаа ч дуртай дуугаа чангаар сонсох дуртай байдаг. Тиймээс сайн дуугаралттай, загварлаг дуу өсгөгч үнэхээр содон бэлэг байх болно.
ҮНЭРТЭЙ УС
Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй сүүлийн үеийн залуус ч үнэртэнд дурлах болсон. Тиймээс түгээмэл хэдий ч хэт хурц биш, зөөлөн бөгөөд тааламжтай үнэртэй ус бэлэглэвэл таалагдах нь гарцаагүй.
ГЭРИЙН ТУРНИК
Бэлэг бэлэглэх гэж буй хүн тань биеэ хөгжүүлмээр байгаа талаараа танд байнга ярьж байна уу? Фитнесс болон иогийн газрууд үүд хаалгаа барьсан учраас олигтой дасгал хөдөлгөөн хийж чадахгүй байна уу? Тийм бол, ялангуяа шинэ коронавирусийн халдвар тархаад буй энэ үед гэрийн турник эрчүүдэд хамгийн гоё бэлэг байх болно.
ЗУРГИЙН ЦОМОГ
Энэ бол аль ч насны хүнд тохиромжтой бэлэг. Аавдаа бэлэглэх гэж байгаа бол аавтайгаа өнгөрүүлсэн дурсамжуудаа, найз залуудаа бэлэглэх гэж байгаа бол түүнтэйгээ өнгөрөөсөн дурсамжуудынхаа зургийг угаалган зургийн цомог болгоод бэлэглээрэй.
НҮҮРНИЙ АРЬС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН
Бүсгүйчүүд өдөр болгон, тэр ч байтугай өдөрт 2 удаа арьс арчилгаан дээрээ анхаардаг шүү дээ. Гэтэл нүүрний арьс арчилгаан дээрээ анхаардаг, ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэдэг залуус тийм ч олон байдаггүй л болов уу?
Тэгвэл бэлэг бэлэглэх гэж буй эрэгтэйнхээ арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг бэлэглээрэй. Нарны хурц туяа, монголын эрс тэс уур амьсгал зэрэг нь эрэгтэйчүүдийн арьсыг нүдэнд үл харагдах байдлаар гэмтээж л байгаа. Тиймээс царайлаг төрхийг нь удаан хадгалах үүднээс энэхүү содон бэлгийг бэлэглээрэй. Наанаа дургүй мэт байдаг ч бэлэглэсний дараа их таатайгаар хүлээн авдаг шүү.
ОЙМС
Сүүлийн жилүүдэд оймсны өнгө загвар маш өргөн сонголттой болсныг та анзаарсан л байх. Үлгэрийн болон киноны баатрын зурагтай, төрөл бүрийн хээтэй, олон өнгийн сонголттой болсонтой холбоотойгоор залуус оймсоо ил гарган хувцаслах хандлагатай болсон. Тиймээс бэлэг бэлэглэх гэж буй залуугийнхаа сонирхдог төрлийнх нь оймсыг бэлэглээрэй.