Их Британийн 112 настай иргэн Гиннесийн номонд бичигджээ

Гуравдугаар сарын 29-нд 112 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн Их Британийн иргэн Роберт Уэйтон дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйгээр тодорч, Гиннесийн номонд бичигджээ.

Коронавирусний тархалттай холбоотойгоор Их Британид үйлчилж буй дүрэм журмыг мөрдөж буй Гиннесийн номны төлөөлөгчид Роберт Уэйтонтой биечлэн уулзаж чадаагүй байна. Үүний оронд тэд тагтан дээрээ зогсож буй Роберт Уэйтонд төрсөн өдрийн дуу дуулж, гэрчилгээг нь дамжуулан өгчээ.

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хэмээх нэрийг өмнө нь Японы иргэн Титэцу Ватанабэ эзэмшиж байжээ. Тэрбээр 2 дугаар сарын 23-нд 112 нас 355 хоногтойдоо нас барсан байна.

Роберт Уэйтон хүүхэд насандаа бусдын л адил гахайн хавдар, улаан бурхан тусаж, “Испани ханиад” цар тахлыг даван туулж байсан тухайгаа "Daily Mail" сонинд ярилцлага өгөх үеэрээ дурсан ярьжээ. Түүнчлэн дэлхийн хоёр дайныг үзэж, 2,3 хагалгааг амжилттай давж байснаа ярьсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.130.242)