Элсэгч бүрээс авдаг МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТЫГ ЭНЭ ЖИЛ АВАХГҮЙ

БҮТ-ийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас дараах мэдээллийг тодрууллаа

- Элсэгчдийн цахим бүртгэл дууссан. ЭЕШ өгөхөөр хэдэн  хүүхэд бүртгүүлэв, явц ямар байв?

-Энэ жилийн хувьд 32396 хүүхэд цахим бүртгэлд хамрагдахаар хандсан байна. Үүнээс 30824 хүүхдийн бүртгэл нь бүрэн баталгаажсан.

Харин үлдсэн 2500 орчим хүүхдийг хувийн мэдээлэл, хичээл сонголт, төлбөр төлөлт дутуугаас  болж, бүртгэлдээ хамрагдаж чадаагүй байна. БҮТ-өөс  эдгээр хүүхдийн хувийн майл хаяг, эцэг эхийн болон өөрийнх нь гар утсаар нь захидал явуулж, мэдээлэл илгээсэн.

Магадгүй, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан интернэт хэрэглээ, эдийн засгийн боломж зэргээс шалтгаалан бүртгэл дутуу хийгдсэн байж болно. Тиймээс Боловсролын үнэлгээний төвөөс эдгээр хүүхдийн бүртгэлийг баталгаажуулахаар хоёр өдрийн хугацаа заагаад, энэ сарын 17-ны өдрийг хүртэл хүлээж байна. Тиймээс эдгээр хүүхдүүдээ цаг хугацаандаа амжиж, мэдээллээ баталгаажуулахыг сануулж байна.

-ЭЕШ өгөх хүүхдүүд Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгдөг. Энэ жилийн хувьд энэ шалгалтыг цуцалсан гэсэн. Энэ тухай мэдээлэл өгөөч?

-Монгол хэл бичгийн шалгалтыг босго оноо тогтоосон учраас ЭЕШ-аас  өмнө, тусад нь зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, энэ шалгалтад 400 оноо авсан хүүхэд их, дээд сургуульд элсэх эрхтэй болдог. Гэтэл энэ жилийн хувьд, цаг үеийн нөхцөл байдал, цар тахлаас шалтгаалан энэ шалгалтыг зохион байгуулах боломжгүй болж байна.

УОК-ийн шийдвэрээр товлосон хугацаанд өөрчлөлт орж, хөл хорио сунгагдаж байна. Дээрээс нь, монгол хэл бичгийн шалгалтын материалыг багш нар гараар засч хянадаг учраас энэ жилийн хувьд цуцлахаас өөр аргагүй болж байна.

-Бүртгэлдээ амжилттай хамрагдсан элсэгчид одоо юуг анхаарах вэ?

-БҮТ-өөс элсэгчдэд хүргэх мэдээ мэдээллээ бид цахимаар хүргэхээс өөр аргагүй болж байна. БҮТ-өөс эрхлэн гаргадаг “Элсэгчийн сонин”-г өмнө нь хоёр дугаар гаргадаг байсан бол энэ жилийн хувьд бид найман дугаар гаргахаар бэлтгэж байна. Эхний дугаараа бид цахим бүртгэлтэй холбоотой мэдээллээр гаргаар, элсэгчдэд хүргэсэн.

Хоёр дахь дугаар өнөөдөр хэвлэлтээс гарч байна. Энэ дугаарт математик монгол хэлний шалгалт сонгон өгөх хүүхдүүд юуг анхаарах вэ, элсэгчдийн гаргадаг гол алдаанууд, багшийн зөвлөгөөнүүд, өндөр оноо авсан хүүхдүүдийн ярилцлагууд гэсэн мэдээллээр бэлтгэгдсэн байна.

Г.Отгонжаргал

Эх сурвалж: news24.mn

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.144.89.42)
Мөнхгэрэл БҮТ-ын сайтны хичээл сонгох булан нь бүр байхгүй болчихсон байна аа, шийдвэр бодит байдал 2 нь зөрөөд байна шдээ. Яг 4 сарын 16-ний 23:59:59-д дуусах юм уу эсвэл 17-ныг дуустал юм уу
2020-04-16 Хариулах