Нэрнээсээ болж дээрэлхүүлсэн хүүд Т.Хэнкс захидал илгээжээ

Америкийн жүжигчин Том Хэнкс Корона гэдэг нэртэйгээсээ болж бусдад дээрэлхүүлсэн австрали хүүд хариу захидал бичиж, “Corona” брэндийн бичгийн машиныхаа хамтаар илгээжээ.

Холливудын жүжигчин Т.Хэнкс болон түүний эхнэр Рита Уилсон нарт халдвар илэрч, хоёр долоо хоног гаруйн хугацаанд хөл хорионд байсан юм. Үүний дараахан Австралийн Квинсленд мужийн Голд-Костын оршин суугч, найман настай Корона Де Врайс тэдэнд захидал бичсэн байна.

Хүү захидалдаа, “Та болон таны эхнэрийг коронавирусээр халдварласан гэдгийг би “Channel Seven” сувгийн мэдээнээс сонслоо. Та хоёр зүгээр үү?” хэмээгээд, би өөрийнхөө нэрэнд дуртай боловч сургууль дээр намайг коронавирус гэж дуудсанд би маш их гомдож, уур хүрсэн гэж бичжээ.

Үүний хариуд Т.Хэнкс Голд-Кост хот руу авч явсан бичгийн машинаараа, “Чиний бичсэн захидал эхнэр бид хоёрыг маш их баярлууллаа. Би чамаас өөр Корона буюу нарны титэм гэдэг нэртэй хүн танихгүй хэмээн бичсэн байна. Мөн “Энэ бичгийн машин чамд яг тохирно. Үүгээр хариу захидал бичиж, над руу илгээгээрэй” гэж бичжээ.

К.Де Врайсын гэр бүлийнхний “Nine News” сувагт мэдээлснээр, хүү “Тоглоомын түүх” киноны Вуди буюу Т.Хэнксийн дуу оруулсан дүрд дуртай учраас түүнд захидал илгээсэн байна.

Т.Хэнкс домогт дуучин Элвис Преслигийн тухай кинонд тоглохоор өнгөрсөн гуравдугаар сард эхнэрийн хамтаар Австралийн Голд-Кост хотод очсоны дараа тэднээс халдвар илэрсэн юм. Тэднийг АНУ-д байхдаа эсвэл Австралид очихдоо халдвар авсан хэмээн үзэж байгаа ажээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.38.184)