Нефтийн үнэ 4-5 хувиар өсжээ
Хэд хэдэн улс олборлолтынхоо хэмжээг бууруулна гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор долоо хоногийн өмнө огцом унасан нефьтийн үнэ гурав дахь өдрөө дараалан өсжээ.
Лондоны ICE биржийн мэдээллээс үзвэл, баасан гаргийн өглөө “Brent” маркийн нефтийн зургадугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 4.5 хувиар өсөж, нэг торх нь 22.29 ам.доллар болсон байна. Харин Америкийн “WTI” маркийн нефтийн зургадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 17.41 ам.долларт хүрч, 5.33 хувиар өсжээ.
Нефть үйлдвэрлэгч хэд хэдэн улс олборлолтоо яг одооноос бууруулахад бэлэн байгаа тухайгаа мэдэгдсэн нь нефтийн үнэ ийнхүү өсөхөд нөлөөлсөн байна. Алжирын эрх баригчид олборлолтынхоо хэмжээг бууруулахаар болсноо “ОПЕК+” бүлгийн орнуудад пүрэв гарагт мэдэгджээ. Үүнээс гадна, “ОПЕК+” бүлгийн гэрээ хэрэгжиж эхлэхээс өмнө Кувейт улс зах зээлд нийлүүлдэг нефтийнхээ хэмжээг багасгалаа гэж тус улсын KUNA агентлаг мэдээлсэн байна.
Тавдугаар сараас зургадугаар сарын хооронд хоногт олборлодог нефтийнхээ хэмжээг 9.7 сая торхоор, энэ оны хоёрдугаар хагаст 7.7 сая торх, 2022 оны дөрөвдүгээр сарын эцэс хүртэл 5.8 сая торхоор бууруулах тохиролцоонд “ОПЕК+” бүлэг энэ сарын 12-нд хүрсэн юм. Энэхүү гэрээ тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.