ЕХ-ны удирдагчид эдийн засгийн тусламжийн хөтөлбөрийг баталжээ
Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчид эдийн засагт дэмжлэг үзүүлэх 540 тэрбум еврогийн хөтөлбөрийг баталжээ. Энэхүү хөтөлбөрийг 6 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ гэж Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель мэдэгджээ.
Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид коронавирусний цар тахалд өртсөн эдийн засгийг сэргээх урт хугацааны бодлого боловсруулахыг Европын комисст үүрэг болгожээ.
“Эдийн засгийг сэргээх сан байгуулах асуудлыг яаралтай шийдвэрлэх тал дээр бид санал нэгдсэн. Улс орнууд, эдийн засгийн салбаруудын хэрэгцээ шаардлагад дүн шинжилгээ хийж, зохих саналуудаа гаргахыг бид Европын комиссоос хүссэн” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.
Энэхүү сан нь коронавирусний цар тахлын үеэр тогтоосон хөл хорионы улмаас хамгийн их хохирол амссан улс орнууд, эдийн засгийн салбаруудыг дэмжинэ. Харин Герман, Нидерланд хийгээд өөр хэд хэдэн улс “титэм бонд” гэгдэх бүх Европын үнэт цаас гаргахыг эсэргүүцэж байгаа аж.