Францын эрх баригчид иргэддээ амны хаалт тараана
Францын эрх баригчид ирэх сараас иргэддээ үнэгүй амны хаалт тараана гэж тус улсын Эдийн засаг, сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Аньес Панье-Рюнаше “L'eco” сонинд ярилцлага өгөхдөө мэдээлжээ.
“Түгээлтийн хамгийн тохиромжтой сувгуудаар дамжуулан иргэдийг амны хаалтаар хангахад төр хувь нэмэр оруулна. Бид аль болох олон хүнд хамгаалалтын хэрэгсэл тараахын тулд эмийн сан, хотуудын захиргаа, тамхины мухлаг гээд боломжит бүх газрыг судалсан бөгөөд тавдугаар сарын 4-нөөс тарааж эхэлнэ” гэж тэрбээр хэлсэн байна.
Францын Засгийн газраас олон нийтэд зориулж дахин ашиглах боломжтой даавуун амны хаалт үйлдвэрлэж эхэлснийг Аньес мэдээлсэн байна. Түүний хэлснээр, одоогийн байдлаар 10 сая гаруй амны хаалт үйлдвэрлэжээ.
Францын эрх баригчид коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс гуравдугаар сарын 17-ноос эхлэн хязгаарлалтын арга хэмжээ авч, эн түрүүнд шаардлагатай бараа бүтээгдэхүүнээс бусад төрлийн бүтэгдэхүүн худалдаалдаг дэлгүүрийг хаасан юм. Хягзгаарлалтын арга хэмжээг тавдугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгасныг Францын Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын 13-нд мэдэгджээ. Үүний дараа хэрэв тус улсад цар тахлын байдал сайжирвал зарим хязгаарлалтыг аажмаар цуцалж эхлэх аж.
Францын Эрүүл мэндийн газрын хамгийн сүүлийн мэдээллээр, тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 120 мянга давж, 22 мянга орчим хүн нас баржээ. Одоогийн байдлаар 29219 хүн эмнэлэгт эмчлүүлж байна.