Байконур сансрын буудлаас “Ялалтын пуужинг” хөөргөлөө
Олон улсын сансрын станцад /ОУСС/ ачаа хүргэх “Прогресс МС-14” сансрын хөлгийг “Союз-2.1а” зөөгч пуужингаар Байконур сансрын буудлаас хөөргөлөө. Хөөрөлтийг “Роскосмос” компанийн цахим хуудсаар шууд дамжуулжээ.
Оросын ачаа тээврийн хөлгийг энэ онд ОУСС руу анх удаа хөөргөж буй юм. Уг хөлгийг Аугаа Эх орны дайнд ялсны 75 жилийн ойд зориулан “Ялалтын пуужин” гэж нэрлэжээ. Түүнийг георгиевын тууз, Аугаа Эх орны дайны одонгууд болон Ялалтын 75 жилийн ойн логогоор чимэглэсэн байна.
“Ялалтын пуужинг” 4 цаг 51 минутад Байконур сансрын буудлын 31 дүгээр талбайгаас хөөргөжээ. Уг хөлөг Москвагийн цагаар 5.00 цагт "Союз" пуужингийн гурав дахь угсраанаас салж, дэлхийн орчмын тойрог замд орсон байна. “Прогресс МС-14” нь хэт хурдан хоёр эргэлтийн системээр ОУСС руу нисэх ачаа тээврийн дөрөв дэх хөлөг болсон бөгөөд ердөө 3 цаг 21 минутын дотор хүрэх юм. Сансрын хөлгийг ОУСС-ын Оросын сегмент болох "Звезда" модультай Москвагийн цагаар 8 цаг 12 минутад холбоно.
Уг хөлгөөр 2.5 тонн ачаа хүргэж байгаа ажээ. Үүний 1.35 тонн нь хүнсний бүтээгдэхүүн, эм хэрэгсэл, эрүүл ахуй, ариун цэврийн хэрэгсэл, ОУСС-ын бүхээгүүдийн системийн болон туршилт явуулах тоног төхөөрөмжүүд аж. "Прогресс МС-14” хөлөг мөн ОУСС-ыг цэнэглэх 650 кг түлш, 46 кг хүчилтөрөгч, 420 кг ундны ус хүргэх ёстой юм. Үүнээс гадна, Ялалтын 75 жилийн ойн бэлгэ тэмдэг болон Аугаа Эх орны дайнд оролцогчдын овог нэр бүхий цахим самбар байгаа аж.
Одоо ОУСС-д Оросын сансрын нисэгч Анатолий Иванишин, Иван Вагнер, мөн Америкийн нисэгч Кристофер Кэссиди нараас бүрдсэн баг ажиллаж байгаа юм.