Канадад “дайралтын зориулалтаар ашиглах” галт зэвсгийг хориглолоо

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо дайралтын зориулалтаар ашиглах галт зэвсгүүдийг хориглох дүрмийг танилцууллаа. Канадад өнгөрсөн сард зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас олон хүн амиа алдсан хэрэг гарсан юм.

Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх шинэ дүрмийн дагуу дайралтын зориулалтаар ашиглах 1500 төрлийн галт зэвсгийг худалдаалах, тээвэрлэх, импортлох, ашиглахыг хориглосон бөгөөд энэ төрлийн зэвсэг эзэмшигчдийн хувьд энэ дүрмийг дагаж мөрдөхөд нь хоёр жилийн хугацаа олгох ажээ.

Мөн Ж.Трюдо ийм хуулийг ойрын хэдэн сарын хугацаанд батална гэж амлажээ. “Засгийн газар дайралтын зориулалтаар ашиглах зэвсгийг хориглох тухай сонгуулийн кампанит ажлын үеэр өгсөн амлалтаа олон сарын өмнө биелүүлэх боломжтой байсан боловч “COVID-19” цар тахлын улмаас уг үйл явц хойшлоход хүрсэн" гэж Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

“Энэ төрлийн зэвсгүүдийг ашиглах ганцхан, ердөө цорын ганц зорилго бий. Энэ бол богино хугацаанд олон хүний аминд хүрэх юм. Канадад ийм зэвсгийг ашиглах хэрэгцээ, шаардлага огт байхгүй” гэж Ж.Трюдо мэдэгдээд, анчдын хувьд ийм галт зэвсэг шаардлагагүй гэж нэмж хэлжээ.

Хууль зүйн сайд Дэвид Ламеттийн мэдээлснээр, Канадын бүх иргэн энэхүү дүрмийг 2022 оны дөрөвдүгээр сар гэхэд дагаж мөрдөх шаардлагатай бөгөөд үүнээс хойш хориглосон галт зэвсгийг ашигласан иргэдэд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага ногдуулах ажээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.98.111)