БНСУ-д гарсан ойн түймрийг бараг бүрэн унтраажээ
БНСУ-ын нийслэл Сөүл хотоос зүүн хойд зүгт 160 гаруй километр зайд оршдог Госеон тойргийн ууланд гарсан ойн түймрийг бараг бүрэн унтраалаа гэж тус улсын холбогдох албаны төлөөлөгчид мэдээллээ.
Баасан гаргийн орой гарсан ойн түймрийн улмаас олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлж, орон нутгийн эрх баригчид ойролцоох хотуудаас тусламж хүсжээ. Госеон тойргийн нэгэн байшинд гарсан түймэр хүчтэй салхины улмаас ойр хавийн ой мод руу тархсан байна.
Ойн түймрийн улмаас хүний амь нас эрсэдсэн мэдээлэл байхгүй хэдий ч хүчтэй салхи гал сөнөөгчдөд хүндрэл учруулжээ. Түймэр ойролцоогоор 85 га газрыг хамарсан байна. Гал сөнөөгчдийн мэдээлснээр, түймрийг 16 цаг гэхэд бүрэн унтраах төлөвтэй байгаа бөгөөд уг ажиллагаанд 500 гаруй гал унтраах машин, 39 нисдэг тэргийг дайчилжээ.
Түймэр дэгдсэнтэй холбоотойгоор тус бүс нутгийн 300 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, 1800 гаруй цэргийн алба хаагчийг байршуулжээ. Ташрамд дурдахад, Госеонд өнгөрсөн оны өдийд гарсан түймрийн улмаас 1300 гаруй барилга сүйдэж, нэг хүн амиа алдсан байна.