Маргааш цуст сар буюу сарны бүтэн хиртэлт болно
Маргааш /2019.01.20/ шөнө "цуст сар" буюу сар бүтэн хиртэнэ. Байршлаасаа шалтгаалаад зарим газар даваа гарагийн үүрээр сарны бүтэн хиртэлт ажиглагдах юм байна.
Мөн маргааш сар дэлхийд хамгийн их ойртох тул бага зэрэг том бас илүү гэрэлтэй харагдах ба энэ үзэгдлийг супер сар гэдэг аж. Сарны бүтэн хиртэлт ойролцоогоор нэг цагийн хугацаанд болно гэж эрдэмтэд мэдээлж байна. Хэрэв тэнгэр цэлмэг байвал сарны бүтэн хиртэлтийг Хойд, Өмнөд Америк тив, Грийнлэнд, Исланд, Ирланд, Их Британи, Норвеги, Швед, Португаль, Франц, Испанийн далайн эргээс харж болох бол Европын үлдсэн хэсэг, Африкт сарны хиртэлт тал харагдана. Харин Ази, Австрали тив болон Шинэ-Зеландад сарны хиртэлт харагдахгүй юм. Сар, дэлхий, нар гурав нэг шугамд орохыг сарны хиртэлт гэнэ. Энэ жилийн хувьд супер сар хоёрдугаар сарын 19-нд дахин гарах ба энэ үеэр сар дэлхийд 357 300 км ойртоно. 2021 оны тавдугаар сард сарны бүтэн хиртэлт болох аж.
Сар бүтэн хиртэх үеэр сарны өнгө улайрч харагддаг ба энэ нь дэлхийн агаар мандалд нарны гэрэл сарнидагтай холбоотой аж. Тиймээс сарны бүтэн хиртэлтийг цуст сар гэж нэрлэх нь ч байдаг байна.