В.Путин дэлхийн их удирдагчидтай утсаар ярьж, олон чухал асуудлыг хөндөв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн улсуудын /ТУХН/ удирдагчид хийгээд гадны гол түншүүдтэйгээ утсаар ярьж, Аугаа эх орны дайны Ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг хүргэжээ.

Утсаар ярих үеэрээ талууд зарим чухал сэдвийг хөндсөний дотор коронавирусний цар тахалтай дэлхий даяараа тэмцэхийн ач холбогдлыг онцолсон байна.

Гадны түншүүд Аугаа эх орны дайны Ялалтын ойн баярын мэндийг хүргэхээр Японы Ерөнхий сайд Абэ Шинзо ОХУ-ын Төрийн тэргүүнтэй 5 дугаар сарын 7-нд холбогджээ. Хоёр улсын удирдагчид цар тахлын нөхцөл байдлыг хэвийн болгох асуудлаар янз бүрийн түвшинд харилцаа холбоотой ажиллаж, мөн эрүүл мэндийн салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөнүүдийг баталжээ.

Талууд утсаар ярьсны дараа Японы “JBIC” банк, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан Орос, Японы “EMG” оношлуурын системийн үйлдвэрлэлд 500 сая гаруй рублийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байна. Энэхүү оношлуур нь коронавирусний халдварыг хурдан шуурхай, зөв илрүүлдэг аж.

Түүнчлэн өнгөрсөн пүрэв гарагт В.Путин Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой утсаар ярьсан байна. В.Путин Ялалтын ойн баярын мэндийг Францын Төрийн тэргүүнд хүргэхийн сацуу “Нормандия-Неман” эскадрилийн нисгэгчдийн гавъяа зүтгэлийг Орос улс үргэлж санаж явах болно гэдгийг онцлон тэмдэглэжээ. Талууд мөн коронавирусний тархалтыг зогсоох нөхцөл байдлыг хэлэлцэж, НҮБ-ын Аюулгүй байдлын байнгын гишүүн орнуудын удирдагчдын цахим бага хурал хийхэд бэлтгэх асуудлуудыг хөнджээ.

В.Путин 5 дугаар сарын 7-нд мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьжээ. Утсаар ярих үеэрээ талууд Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд хоёр улсын ард түмнийг холбосон холбоотнуудын харилцааны түүхэн ач холбогдолд онцгой анхаарал хандуулжээ.

Уламжлалаа дагаж хоёр улс стратегийн тогтвортой байдлыг хангах, терроризмтай тэмцэх, бүс нутгуудын сөргөлдөөнийг зохицуулах, цар тахалтай тэмцэх зэрэг орчин үед тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд ихээхэн үр дүнд хүрч чадна гэдгийг В.Путин, Д.Трамп нар онцолжээ.

Тавдугаар сарын 8-нд В.Путин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой утсаар ярьжээ. Дайсныг дарах үйл хэрэгт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн ЗХУ хийгээд тус улсын Зэвсэгт хүчний хувь нэмрийг үнэлж Б.Жонсон Их Британийн ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлжээ. Тэр жилүүдийн нөхөрлөл одоо үүсээд буй сорилтыг даван туулж, аюулыг арилгахад хүчин чармайлтаа нэгтгэхийн ач холбогдлыг бидэнд сануулж байна гэж тэрбээр мөн мэдэгдсэн байна.

В.Путин Германы канцлер Ангела Меркельтэй утсаар ярих үеэрээ 1930-1940-өөд оны түүхэн үйл явдлуудыг дурсан санахын ач холбогдлыг онцолжээ. Нацист дэглэмтэй амь биеэ үл хайрлан тэмцэж явсан Германы эх орончдыг хоёр улс хэзээ ч мартахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийлжээ. Коронавирусний цар тахлын нөхцөл байдлаар талууд санал солилцох үеэрээ харилцан тусламж үзүүлэхийг зорьж буйгаа илэрхийлсэн байна.

БНХАУ-ын дарга Си Жиньпин мөн ОХУ-ын Төрийн тэргүүнтэй утсаар холбогдож, Аугаа эх орны дайнд Ялалт байгуулсны 75 жилийн ойн халуун баярыг хүргэжээ. Түрэмгийлэгчдийн улмаас хамгийн их хохирол амссан хоёр улсын ард иргэдийн хувьд энэ өдөр онцгой ач холбогдолтой болохыг талууд цохон тэмдэглэжээ. Талууд коронавирусний цар тахалтай тэмцэх асуудлуудыг хэлэлцэхдээ хоёр улсын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, вакцин, эм бэлдмэл гарган авах чиглэлд хамтран ажилласаар байхаа батлан мэдэгджээ.

В.Путин Куба улсын Ерөнхийлөгч Мигель Диас-Канельтай мөн холбоо барьжээ. Энэ үеэр хоёр улсын удирдагчид Ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан бие биедээ хүргэж, ОХУ-Куба улсын дипломат харилцааг сэргээсний 60 жилийн ойг цохон тэмдэглэсэн байна. 

В.Путин мөн Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нартай утсаар ярьсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.75.138)