Б.Жаргалсайхан: Т.Ганболд худлаа яриагүй
Т.БАТСАЙХАН
БНН-ын дарга Б.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Алтан дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд зарим улстөрчтэй холбоотой баримтыг дэлгэлээ. Та улстөрчийн хувьд юу гэж дүгнэж байна вэ?
-Хууль хяналтын байгууллага удирдан ажиллаж байгаа хүн авлига авч, бусдыг рикетлэн дарамтлаж шоронд хийнэ гэдэг байж болшгүй зүйл шүү дээ. Манай хуулийн байгууллагууд ямар их ялзралтай байгаагийн нэг тод жишээ юм. Ер нь сүүлийн үед дэндүү байна. Эрдэнэтийн 49 хувийг улаан цайм Захиргааны хэргийн шүүхээр нөгөө талын нөхдүүдэд өгчихөж байна. Хууль бус хувьчлал болсон байна, төр эргүүлж өмчөө авна гэж байхад шүүх нөгөө талд шийдчихэж байх жишээтэй. Энэ дахиад хуулийн байгууллагын ялзралыг харуулж байна. Нийгэмд шударга ёс тогтооё гэж байгаа бол хууль тогтоох байгууллагаа шинэчлэх хэрэгтэй. Том шалгалт оруулах шаардлагатай байна. Тэгэхгүй бол бизнес эрхлэгчдийгээ дарамталж шоронд хийж байгаад авлига авдаг тийм ёс зүй энд явж байна. Т.Ганболд худлаа яриагүй. Шоронд гурав дөрвөн сар суусныг нь мэдэж байна. Ер нь ганц Т.Ганболд биш маш олон бизнес эрхлэгч дарамтанд орж байсан шүү дээ. Тэд одоо яаж дарамтлуулж, мөнгө өгч байснаа хэлэх хэрэгтэй.
-ТаТ.Ганболдын дэлгэсэн бүх баримт мэдээлэлтэй санал нийлж байгаа юм байна. Тийм үү?
-Яагаад санал нийлэхгүй гэж. Тэр хүн хариуцлагагүй мэдээлэл хийхгүй. Үнэхээр тийм зүйл болсон учраас ярьж байгаа. Маш их хэмжээний мөнгөн дүн яригдаж байна. Тийм байдлаар бусдыг гүжирдэнэ ч гэж юу байх вэ.
-Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой асуудлыг ярьж байсан. Та сайд байхдаа тус үйлдвэрийг улсын өмчид авах шийдвэр гаргаж байсан байх аа?
-Тийм ээ. Улсаас хөрөнгийг нь гаргаад хайгуул хийж нөөцийг нь тогтоосон хэд хэдэн орд газар манайд бий. Тухайн үедээ ЗХУ-ын зээлийн хөрөнгөөр геологи хайгуул хийж, Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой, Төмөртэй, Хустай, Баянгол, Асгатын ордыг нээж байлаа. Тухайлбал, Асгатын мөнгөний орд бол маш чухал. Ирээдүйд бидний том үүц. Заавал өнөөдөр бид байгалийн баялгаа гаргаж, цацан үнэгүйдүүлж хувааж идэх шаардлага байхгүй. Мөнгөөр бид ирээдүйд юу хийж болох билээ. Хамгийн энгийн жишээ гэхэд мөнгөөр хийсэн аккумулятор 100 жилийн настай. Хүнд хиймэл зүрх ч хийчихэж байна. Ирээдүйд цахилгаан эрчим хүчээр хангах нэг том эрдэс бол мөнгө юм. Гэтэл Асгатын мөнгөний ордоо хувааж аваад идэж байна. Уг нь Монросцветмент компанийн мэдэлд байсан. Гэтэл компанийг нь байхгүй болгож байгаад л авсан байгаа юм. Би тухайн үед Төмөртэй Хустай ордыг хурааж авсан. Баярцогт гэдэг нөхөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд байхад нь хууль бусаар аваад хятадуудад зарчихсан байсан. Би түүнийг хурааж аваад, эргүүлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өгч байлаа. Бид ордуудаа байгалийн баялгаа ард түмэн, улс орныхоо хөгжил зориулах учиртай юм. Түүнээс биш хэдэн гэр бүл хувааж авдаг байж болохгүй. Өнөөдөр ганцхан Д.Дорлигжавын асуудал биш. Эрдэнэтийн 49 хувийг хэн яаж, яах гэж хувьчилж авсан бэ. Дарханы Төмрийн үйлдвэрийг хэн, хэзээ, яах гэж авсан. Энэ нөхдүүдийг шалгах цаг нь болсон. Манай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орны маань том үүцүүд хэн нэгний мэдэлд очиж байхад юу хийж байсан юм. Шалгах л хэрэгтэй. Энгийн ард түмний хүүхдийг шалгаад л байгаа биз дээ.
-Саяхан Салхитын мөнгөний ордод гүйцэтгэх ажиллагаа явууллаа. Үүнийг нэг хэсэг нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн үйл явдал болсон гэж тайлбарласан. Та ямар байр суурьтай байгаа юм бэ?
-Тэр хүмүүст битгий хуц гэж хэлье. Монголд ганцхан эрх ашиг бий, тэр нь ард түмний эрх ашиг юм. Хөрөнгө оруулагчид, хятадуудад хайртай юм бол тэр урд зүг рүүгээ явж амьдар. Сүүлийн 20 жилд бид монгол хүний эрх ашиг биш дандаа гадаадын нэг нөхрийн эрх ашгийг ярьлаа. Одоо залхаж байна. Монголын ард түмний эрх ашгийг хэн хамгаалах юм. Монголд хуулийн хүрээнд ажиллаж амьдардаг тийм тогтолцоо руу шилжицгээе. Түүнээс биш төрийн эрх авангуутаа албан тушаалаараа далайлган хулгай луйвар хийдэг тийм ёс зүйгээ зогсооцгооё. Яг бидэн шиг замаар яваад сөнөчихсөн улс орон олон бий шүү дээ. Африкийн зарим орон шиг болох гээд байгаа юм уу. Монголд ашигтай өөртөө ч ашигтай, хуулийн дагуу ажиллах тийм хөрөнгө оруулагч бидэнд хэрэгтэй. Тэд өөрсдөө л хожоод монгол хохироод үлддэг тийм хөрөнгө оруулагч хэрэггүй. Монголын хуулийг, монгол хүнийг уландаа гишгэдэг гадныхан бидэнд хэрэггүй. Бидний ёс заншлыг ойлгодог, монгол хүнийг дээдэлдэг тийм хөрөнгө оруулагч хэрэгтэй. Түүнээс биш хэдэн төгрөгтэй л бол би ингэж болно гэсэн шиг дураараа загнадаг асуудал байж болохгүй. Үүнийг ялгаж, салгах цаг болсон.
-Эрх баригч намын дарга У.Хүрэлсүх шинэчлэл эхлүүлсэн талаар ярьж байна. Үүнийг та хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?
-МАН-ын нэр нь л ардынх болохоос анх Оросын большевикуудын байгуулсан коммунист нам юм шүү дээ. Тухайн үед нэг хэсэг нь хөрөнгөтний замаар явж ардчилсан нийгмийг төлөвшүүлэхээр болсон. Нөгөө хэсэг нь ЗХУ-ыг дагахаар болсон. Хөрөнгөтний замаар явъя, ардчилсан нийгэм төлөвшүүлье гэж зүтгэсэн нь Данзан, Бодоо нар юм шүү дээ. Тэд “Иргэн баян бол улс баян” гэж хэлээд буудуулж байлаа. Өнөөдөр тэдний Ардын нам юу болсон бэ гэхээр тэр үеийн тэмцэгчдийн нэрийг зээлсэн хулгайчид л болж хувирсан. МАН одоо бидний алтан үеийн түүхийн нэрийг нь хулгай хийж авчихаад дэвслээд нулимаад байж байна. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан намын байгуулсан, Ю.Цэдэнбалын удирдаж явсан МАХН бол түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяатай нам юм. Монголыг мөхлөөс аварсан юм шүү дээ. Харин одоо МАН-д баахан хулгайч нар сууж байна. Тэд яаж улс орноо тонон дээрэмдэх вэ гэдгийг л ярьж байна. Дээр нь бүх дарга нар нь казиночид. Сингапур, Сөүл, Макаод МАН-ын дарга нар л тоглож байна. Тэгэхээр их мөнгөтэй байна. Амьдралдаа ганц оймс хийж үзээгүй хүмүүс яаж баяжсан нь ойлгомжтой. Тэд баяжаад ард түмэн маань ядуураад л байна. Одоо сүүлдээ улстөрчид ичиж эмээхээ ч болилоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин