Эхний ээлжинд 130 гаруй угсармал барилгыг иж бүрэн дулаална

Монгол Улсын нийслэлд хэрэгжүүлэх "Угсармал орон сууцны шинэчлэл" төсөлд 18 сая еврогийн буцалтгүй тусламж авахад нэг алхам ойртжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /ДДНХБ/, Тогтвортой Хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргааны Зүүн Азийн газар /ИКЛЭЙ/ болон бусад тал хамтран төслийн бэлтгэл ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төсөл хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой 51 орны төслөөс эхний шатанд тэнцсэн таван төслийн нэг болжээ.

Улаанбаатар хотод 1960-1990-ээд онд баригдсан 500 гаруй угсармал орон сууц байдаг бөгөөд хотын иргэдийн 30 хувь нь буюу 45 462 өрх тэдгээр байранд амьдарч байна.

Энэ орон сууцууд нь дулаан алдагдал ихтэй тул хананаас цан цохих, улмаар байрны булан тохойгоор хөгц мөөгөнцөр үүсэх гэх мэт асуудалтайгаас гадна ихэнх барилгууд хуучирч муудсан. Дулаан алдагдал ихтэй угсармал орон сууцуудыг дулаалах асуудал олон жил яригдаж, иргэд өөрсдийн зардлаар, улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр, ААН-үүд өөрсдийн санхүүжилтээр гээд дулаалсан тохиолдлууд байгаа ч энэ төсөл хэрэгжвэл эхний ээлжинд 130 гаруй барилгыг иж бүрэн дулаалах юм.

 


Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр: "Адил төстэй цаг агаартай Новосибирск хотын захиргаа болон бусад олон улсын хөгжлийн байгууллагуудаас санхүүжилт татах асуудлаар хэлэлцсэн боловч  олон улсын хөрөнгө оруулагчид угсармал орон сууцыг хувийн өмч учир санхүүжилт олгохоос татгалзсан. Засгийн газар, ИТХ-ын мөрийн хөтөлбөрт орсон энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд 2017 оноос Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн ажлуудаас дурдвал 5, 9, 12 давхар угсармал барилгуудыг дулаалах барилгын ажлын зургийг гаргаж, Барилгын хөгжлийн төвөөр батлуулсан. Мөн ДДНХБ-ын санхүүжилтээр орон сууцны эрчим хүчний аудитыг хийлгэсэн. Мөн дулаалах байруудад газар хөдлөлтөд тэсвэржилтийн үнэлгээ хийлгэж эхэлсэн. Энэ ажил одоо ч үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 168 барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийхэд 104 нь газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй гэж үнэлэгдсэн. Энэ нь шууд дулаалах боломжтой гэсэн үг. Харин бусдыг нь хүчитгэж байж дулаалах боломжтой болно. Уг ажилд тулгуурлан ДДНХБ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /ЗАА/-тай хамтран “Угсармал орон сууцны шинэчлэл” төслийн саналыг боловсруулан НАМА Фасилити байгууллагад 2019 онд хүргүүлсэн нь тендерийн эхний шатанд тэнцэж, цаашид 18 сая еврогийн буцалтгүй тусламж авахад нэг алхам ойртлоо. Үндсэндээ ямар материалаар, ямар аргачлалаар дулаалах, аль барилгыг шууд дулаалах боломжтой гээд гол ажлуудаа нугалчихсан. Ингэж тал бүрийн судалгаатай төслөө танилцуулсан учраас төсөл сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн гэж ойлгож байгаа" хэмээв.

Мөн "Угсармал орон сууцны шинэчлэл" төслийн нийт санхүүжилтийн 10 хүртэлх хувийг нийслэлээс гаргах юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.200.102)