Бүртгэлтэй 1.8 мянган иргэн ажилд зуучлагджээ
ҮСХ-ноос мэдээлснээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 7.7 мянган иргэн шинээр бүртгүүлжээ.
Бүртгэлтэй байсан 1.8 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Ажил хайж шинээр бүртгүүлсэн иргэдийн 53 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 10.6 хувиар, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 4.5 хувиар өсөж, ажилд зуучлагдан орсон иргэд 0.2 хувиар буурчээ.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад оны эхний улирлын эцэст нийт 33 мянган иргэн бүртгэлтэй байна. Тэдгээрийн 62.6 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 37.4 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар буурч, өмнөх сараас 6.5 хувиар өссөн байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54.6 хувийг 15-34 насны залуус эзэлж байна.