ДЭМБ гидроксихлорохины эмнэлзүйн туршилтыг түр зогсоожээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ хумхаа өвчний эм болох гидроксихлорохиныг шинэ коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд уулгах нь үр дүнтэй эсэхийг тогтоох эмнэлзүйн туршилтыг түр зогсоожээ.

“COVID-19”-өөр халдварласны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүст гидроксихлорохин, хлорохин хэрхэн үйлчилсэн талаарх судалгааг “The Lancet” сэтгүүлд өнгөрсөн баасан гарагт нийтэлсэн бөгөөд үүнд уг эмийг дангаар нь юм уу антибиотиктэй уусан өвчтөнүүдийн нас барах эрсдэл өндөр байсан гэж тэмдэглэсэн байна.

ДЭМБ-ын туршилтын асуудал хариуцсан тусгай хэсэг бямба гарагт хуралдаж, уг туршилтын талаарх бүх мэдээллийг нарийвчлан судлахаар тохиролцсон гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус даваа гарагт болсон цахим хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Дээр дурдсан судалгаанд халдвар авсан 96 мянган өвчтөнийг хамруулсан бөгөөд тэдний 15 мянга орчим нь гидроксихлорохин болон хлорохины төрлийн эмийг дангаар нь юм уу антибиотиктэй уужээ.

Тэдгээр өвчтөнийг бусад өвчтөнтэй харьцуулахад эмнэлэгт нас барах, зүрхний хэм алдагдах магадлал нь өндөр байсан бөгөөд гидроксихлорохин уусан өвчтөнүүдийн нас баралтын түвшин 18 хувь, хлорохин уусан өвчтөнүүдийнх 16.4 хувь, бусад өвчтөнүүдийнх 9 хувь байжээ. Үүний зэрэгцээ гидроксихлорохин юм уу хлорохиныг антибиотиктэй уусан өвчтөнүүдийн нас баралтын түвшин мөн өндөр байжээ. Судалгааг явуулсан мэргэжилтнүүд гидроксихлорохиныг эмнэлзүйн туршилтаас гадуур хэрэглэхгүй байхыг анхааруулсан байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.70.64)