Насанд хүрч асрамжийн төвөөс гарсан хүүхдийг орон сууцтай болгоно

  “НОСК” ТӨХК, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран ажиллах санамж бичигт  өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд насанд хүрч бие даан амьдралд хөл тавьж байгаа залуусыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр орон сууцанд оруулах юм.

Гарын үсэг зурах үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, “Залуусыг орон сууцаар хангахаас гадна ажлын байраар хангаж, үүнд анхаарч байгаа нь маш чухал. 2018 оны ядуурлын түвшин 28.4 хувьтай байсан. Үүний тал хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Тиймээс ХНХЯ ирэх жилүүдэд халамжаас хөдөлмөр рүү чиглэх ажилд түлхүү анхаарч ажиллах болно” хэмээв.

Монгол Улсын хэмжээнд зургаадугаар сарын 1-ний байдлаар, 21 байгууллагын 31 хувийн болон улсын асрамж халамжийн төвд 1069 хүүхэд хүмүүжиж байна. Жилд 20 орчим хүүхэд 18 нас хүрч амьдралд хөл тавьж байна. Амьдрал дээр гараад яг хэн тэднийг хүлээж авах эсэх нь тодорхойгүй.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар хэлэхдээ, "Асрамжийн газраас жил бүр насанд хүрээд гарч байгаа хүүхдэд тухайн харьяаны нутаг дэвсгэрийнх нь Засаг дарга, орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өгч, цаашид орон байр, сургуульд оруулах, сургалтын төлбөр зэргээр тусалдаг. Энэ хамтын ажиллагааны хүрээнд, өнөөдөр манай агентлаг НОСК-тай хамтран Улаанбаатар хотын харьяат 10 гаруй хүүхдийг жил бүр түрээслээд өмчлөх нөхцөлөөр орон сууцанд хамруулах ажил эхэллээ. Асрамж халамжийн төвд амьдарч байгаа хүүхэд огт орлогогүй биш. Тэд хүүхдийн мөнгө, тэжээгчээ  алдсаны тэтгэмж зэргийг 18 нас хүртлээ хуримтлуулдаг. Тухайн хуримтлуулсан хөрөнгөөс түрээсийн орон сууцны урьдчилгаанд зохих хэмжээгээр зарцуулаад, дараа нь ажилтай, орлоготой болохоороо түрээсээ төлөөд орон сууцаа өмчлөх боломжийг нээж байна" хэмээв. 

Сүүлийн 3-4 жилийн хугацаанд асрамж халамжийн төвд багш хүүхдүүдийг гэр бүл болгож, гэр бүлийн гишүүдийн оролцоо, санхүүгийн харилцаа, хоолоо хэрхэн хийх, хувцсаа угаах зэргийг үлгэрчилсэн байдлаар үзүүлэх хөгжлийн үйлчилгээг явуулах болжээ. Үүнээс гадна асрамжийн төв дээр дэлгүүр ажиллуулж хүүхдийг санхүүгийн харилцаанд бэлтгэж байгаа аж. Ингэснээр, хүүхэд 18 нас хүрч амьдралд гарахад бие даасан хүн болж төлөвшихөд сайнаар нөлөөлдөг гэсэн судалгаа гарсан тухай Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар хэлсэн үгэндээ онцоллоо. 

“Асрамж халамжийн төвөөс 18 насанд хүрч ажил, амьдралын гараагаа эхэлж буй хүүхдүүдийг ажлын байртай болгох, цаашлаад орон сууцаар хангахад анхаарч байна. Үүний эхлэл болж хоёр хүүхдэд орон сууцны батламж гардуулан өгч, цаашид олон хүүхдийг хамруулахын төлөө энэхүү хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа” хэмээн “НОСК” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар хэллээ.

Энэхүү санамж бичиг дөрвөн жилийн хугацаанд хүчинтэй байх юм. Энэ ажлын эхлэл болгож өнөөдөр асрамж халамжийн төвд өсөж хүмүүжсэн хоёр хүүхдэд Түрээсийн орон сууцны батламж гардуулав. Тодруулбал ‘’Өнөр бүл’’ хүүхдийн төвд амьдарч байсан Л.Төрболд болон ‘’Манай гэр’’ асрамж халамжийн төвд амьдарч байсан Б.Батдорж нарт Түрээсийн орон сууцны батламж гардууллаа.

 

Батламж гардан авсан Б.Батдорж, “18 жил асрах байгууллагад амьдарч байхад надад ийм том боломж олдоно гэж төсөөлөөгүй. Энэ мэдээг сонсохоос өмнө асрамжийн газраасаа явах тухай, цаашдын ирээдүйн талаар маш их санаа зовниж боддог байлаа. Бид хоёроос шалтгаалж асрахад байгаа дүү нарын минь ирээдүй тодорхойлогдоно. ’’Манай гэр’’ асрахын дүү нар маань энэ мэдээг сонсоод баярлаж удахгүй танайхаар зочилно хэмээн хэлсэн. Одоогийн байдлаар, би ажилд орох анкет бөглөчихсөн. Хэрвээ ажилд орвол энэ байрны эзэн нь болтлоо хичээх болно. Энэ боломжийг олгосон бүх хүмүүст талархлаа“ гэв.

Ташрамд дурдахад, асрамж халамжийн төвийн хоёр хүүхдийг эхний ээлжинд халамжийн орон сууцанд хамруулна. Өөрөөр хэлбэл, түрээсийн төлбөргүйгээр орон сууцанд хамруулах юм. Цаашлаад түрээслээд өмчилдөг орон сууцанд хамрагдаад явах бололцоогоор нь хангах аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.190.6)