"Наран мандах нутаг"-ийнхан Чингисийн талбайд алдар гавьяагаа цуурайтуулав

 

Эх орны зүүн хязгаар, их жажны өлгий нутаг  Сүхбаатар аймгийн ард түмэн алдартан, гавьяатнууд олонтой.   Хөдөлмөрийн баатар нэг,  Монгол Улсын гавьяат хоёр тодорсноор  амжилтын буухиа, ард олны уухай Наран мандах нутаг руугаа давалгаалж байна.

Энэ бахдам амжилтын эзэд бол Баяндэлгэр сумын уугуул, Улсын хошой аварга малчнаас  Хөдөлмөрийн баатар болсон С.Чулуунбаатар, Эрдэнэцагаан сумын VII багийн  уугуул, Улсын сайн малчнаас Монгол Улсын гавьяат малчин болсон Ч.Цоггэрэл,  “Наран мандах нутаг”, “Ганга нуур”, “Тэнгэр ээж минь өршөө” зэрэг олон сайхан дууны хөгжмийг бичиж, ус нутгийнхнаа олон жил урлаг, соёлоор ундаалж, соён гэгээрүүлсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Батсайхан нар юм.

Саальчин Н.Осгоноос хойш бараг 30 жилийн дараа Сүхбаатар нутгийнхан хөдөө аж ахуйн салбараас Хөдөлмөрийн баатартай  болж байгаа юм. Хөдөө аж ахуйн салбарынхны хөдөлмөр зүтгэлийг үнэлэх үнэлэмж  зүүн бүс нутагт буурангуй байсантай энэ нь холбоотой болов уу.

Тэгвэл  анх удаа УИХ-д  нутгаасаа  төрж гарсан  хос хоёр гишүүнтэй болсноор  Сүхбаатарчуудын   хөдөлмөр зүтгэлийг   төрд үнэлүүлэх, гавьяаг нь алдаршуулахад нэгэн  шинэ хуудсыг нээж байгааг жанжны нутгийнхан ярьж байна.

Хөдөлмөрийн баатар, гавьяатууд тойргоос сонгогдсон  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарын хамт тавуулаа Төрийн ордноос Д.Сүхбаатарын талбайд  гарч ирсэн.  Энэ үеэр Улаанбаатар дахь Сүхбаатар аймгийн иргэд,   нийслэлд ажиллаж, амьдардаг бүх сумын төлөөлөл  Төрийн ордны өмнө  цуглан Хөдөлмөрийн баатар, гавьяатуудаа угтан авч нутгийн сүлд дуу  “Наран мандах нутаг” –ийг  төв талбайг  доргитол дуулж угтав.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулах үедээ "Өнөөдөр төрийн өндөр цол, шагнал хүртэгсдийн дунд онцлон дурдах олон хүн байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг хүртэж буй Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Санзайжавын Чулуунбаатар  мал аж ахуйн салбарт 48 жил хөдөлмөрлөжээ.

Тэрбээр мал сүргээ өсгөн үржүүлж, ноос ноолуур, сүү цагаан идээ, мах, арьс шир зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулж, 24 өрхийн 72 хүнийг туслах малчнаар ажиллуулж, нийтдээ  гурван сая гаруй толгой  малыг малжуулахад өгсөн эрхэм гавьяатай хүн юм" хэмээн онцлон тэмдэглэв. Төрийн тэргүүн ийнхүү  зүүн хязгаар нутгийн малч удмынхны магнайг тэнийлгэж, нүүдэлчин өв соёлоо тээж, өвлүүлж явааг  дэмжиж байгаагаа   илэрхийллээ.

Наран мандах нутгийнхны бахархал болсон эрхмүүд,  тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлд ажиллаж, амьдарч буй Сүхбаатар аймгийн иргэдийн сэтгэгдлийг хүргэе.

Хөдөлмөрийн баатар С.Чулуунбаатар: Нутгийн  нөмөр, уулсынхаа түшигт бэлэгшээж байна

 -Сүхбаатар аймгийнхаа нийт малчид Баяндэлгэр сумынхан Дөхөм багийнхан, ханьдаа, хүүхдүүддээ, төр ад түмэндээ баярлалаа. манайх таван хошуу малтай. Адуу бог мал үхэр олонтой . Тэмээ цөөхөн. Би ханьтайгаа 1976 онд гэр бүл болж 40 гаруй жил мал маллаж ирсэн. Таван хүүхэдтэй. Гурав нь мянгат малчин хоёр нь аймгийн алдарт уяач. Анх 1989 онд улсын аварга төлчин болж байлаа. Дараа нь улсын аварга малчин болсон. Мал дагавал ам тостоно гэж үг бий. Жирмийн хөндий гэж сайхан нутгаас минь гурван баатар олон гавьяат алдартан төрсөн. Би нутаг усныхаа нөмөр, уулсынхаа түшигт бэлэгшээж баярлаж байна.

Монгол Улсын гавьяат  малчин Ч.Цоггэрэл: Мал маллах агуу ухааныг өвлүүлж явах үүрэг надад ногдлоо  

-Би  41-42 жил мал дагаж, сүргийн захад ажиллаж,  амьдарч ирлээ. 2010 онд Улсын аварга малчин болсон. Том хүү маань сумын сайн малчин болсон. Аав ээжийн болоод  сайхан  ханийн буян, үр хүүхдийн хүч, баг бригад, сум нутгийнхны   сэтгэл нийлж  өнөөдөр энэ амжилтад хүргэсэнд баяртай байна. Нутгийн түшиг гэж бас байна. Егүзэр хутагтын нутаг цаанаасаа ивээлтэй, бэлчээр ус сайтайн буян ирлээ.  Би наймдугаар  анги төгсөөд аав, ээжийн сургаалийг дагаж малчин болсон. Уламжлалт ёсоо дээдэлж, тэмээн тэрэг, ердийн хөсгөө одоо ч хэрэглэдэг. Монгол ёсоо цаашид ч нутаг орныхонд, залуустаа  өвлүүлж, мал маллах агуу ухаан гэдгийг үр хойчдоо захиж, үлгэрлэж явах их үүрэг надад ногдлоо гэж  бодож байна.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Батсайхан: Удмын авьяас минь Урлагийн гавьяат зүтгэлтэн болголоо

-Би боловсрол, соёлын байгууллагад нийт 42 жил ажилласан. Ажлын анхны гарааг аймгийнхаа Соёын ордноос эхэлж, 1980-аад оноос дууны аялгуу бичиж, дараа нь  найрал хөгжим, гоцлол хөгжим, бүжгийн хөгжим гээд хөгжмийн бүх төрөл рүү орсон. Анхны бүтээл  маань “Нутгийн бараа” гэж дуу бий. Манайхан  удмаараа хөгжмийн авьяастай. Өвгөд дээдсүүд, нагац нар дотор  дууч хуурч хүмүүс бий.

Аав минь Халзан сумын  Хатавчийн хийдэд цанчин /цан цохидог/  хийдэг хүн байсан. Төрсөн ах минь Эрдэнэцагаан сумын ХЦ-ийн 0146-р ангийн хөгжмийн салааг удирдсан,  хөгжмийн зохиолч, бэлтгэл дэд хурандаа Ш.Цэвээнжаргал гэж хүн бий. Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн болсондоо баяртай байна. Наран мандах нутгийнхаа нийт  ард түмэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Ж.Батсуурь /УИХ-ын гишүүн/: Сүхбаатарчуудын хөдөлмөр зүтгэлийг төр үнэллээ  

-Монгол Улсын хэмжээнд хоёр Хөдөлмөрийн баатар төрлөө. Нэг нь баруун хойд хязгаар, нэг нь зүүн өмнөд хязгаараас ажил хөдөлмөрөөрөө тодорлоо. Сүхбаатар аймгаас  30 орчим жилийн өмнө хөдөө аж ахуйн салбарт  Хөдөлмөрийн баатар авч байсан бол 30 жилийн дараа Хөдөлмөрийн баатартай боллоо.  Эрдэнэцагаан сумын  VII  багаас анх удаа  гавьяат малчинтай боллоо. Мөн  “Наран мандах нутаг”, “Тэнгэр ээж минь өршөө” дууны аялгууг бичиж, олон сайхан дуу зохиосон  хөгжмийн зохиолч Ш.Батсайхан маань Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо. Монгол Улсын гавьяат хуульч Б.Цэрэнбалтав гуай маань “Сүхбаатарын одон”-гоор шагнагдлаа.

Төрд нүүртэй, түмэнд хийсэн зүйлтэй Сүхбаатарчуудад Монголын төр шагналаа харамгүй хайрласан сайхан өдөр байна. Нийт сүхбаатарчууддаа баяр хүргэе. Хөдөлмөрийн баатар төрнө гэдэг үнэхээр сэтгэл хөдөлгөсөн үйл явдал боллоо. Нутгийн зон олондоо бүгдэд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд зүүн бүс нутгийг хөдөө аж ахуйн салбараар түлхүү хөгжүүлэх, түүнд урам зориг өгч байгаагаараа онцлогтой юм.

Н.Ганибал /УИХ-ын гишүүн/: Сүхбаатар аймаг хөдөө аж ахуй хөгжүүлэх онцгой бүс 

- Сүхбаатар нутгийн малчид хөдөлмөрчид мал аж ахуйн салбарт манлайлж явааг Хөдөлмөрийн баатар С.Чулуунбаатар маань харууллаа. Мөн малчин Ч.Цоггэрэл Монгол Улсын гавьяат боллоо. Энэ бол хөдөө аж ахуйн салбар улсын онцлох салбар болохын  илрэл. Сүхбаатар аймаг цаашид  энэ салбарын  хөгжлийг авч явах бүс нутаг  юм. Сүхбаатарчууд  олон эрдэмтэн мэргэдийн зэрэгцээ Дорнын нэртэй яруу найрагчид хөгжмийн зохиолчдыг төрүүлсэн  ард түмэн. Тэгвэл өнөөдөр олон сайхан дууны ая зохиосон Ш.Батсайхан  маань Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо. Сүхбаатарын оюунлаг ард түмэн өнөөдөр жанжин Д.Сүхбаатарынхаа талбай дээр ус нутгийнхаа сүлд дуу “Наран мандах нутаг”-ийг дуулж байгаад сэтгэл огшиж байна. Та бүхэндээ хөдөлмөр бүтээлийн улам өндөр амжилт хүсч, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Аймаг, орон нутгаа хөдөө аж ахуйн салбарт хөгжүүлэх, хөгжлийг хурдасгахад хичээн зүтгэх болно.

Ш.Чимэдцэеэ /Ардын жүжигчин/: Нүдээ олсон шагнал байлаа

-Нутгаас минь Хөдөлмөрийн баатар, хоёр гавьяат төрсөнд баяртай байна. Манай Ш.Батсайхан  өөрт нь аялгуу төрсөн хүн. Зүгээр нэг дуунууд байж л байдаг. Тэгвэл сэтгэлээс нот нь хөгжимд тоглосон мэт буудаг гайхамшигтай хөгжмийн зохиолч. Бид хоёр залуугаас уран бүтээлээр үерхэж нөхөрлөж ирсэн. “Тэнгэр ээж минь өршөө” дуунаас өмнө “Тавилан” гэж дуу хийж байлаа. Миний найз гавьяат боллоо, нүдээ олсон шагнал гэж баярлаж байна.

Ш.Цолмон: Ш.Батсайханы гэр бүлээрээ  аймгийн соёл урлагийг авч яваа

Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” хөгжимт, жүжгийн театрыг Соёлын ордон байх үед буюу 1980-аад онд даргаар нь ажиллаж байсан ахмад уран бүтээлч Ш.Цолмон Төрийн шагнал хүртсэн нутгийнхандаа баяр хүргэхээр зорьж ирсэн юм. Тэрээр баяр хүргэж үг хэлэхдээ  “Манай Ш.Батсайхан авьяаслаг, бас  ажилсаг.  Манай аймгийн Асгат сумынхан авьяаслаг хүмүүс, тэр дундаа эднийхэн  удмаараа авьяаслаг. Ах нь ХЦ-ийн байгууллагын үлээвэр найрал хөгжмийн салааг удирдсан хөгжмийн багш байгаад гавьяаны амралтаа авсан. Бид  соёлын ордонд хамт ажиллаж байлаа. Ш.Батсайханых гэр бүлээрээ аймгийн соёл урлагийн салбарыг авч яваа” хэмээн тэмдэглэв. 

С.Амартайван  Монгол соёлыг дархалж явааг төр үнэлжээ

Эрдэнэцагаан сумын Засаг дарга асан, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч С.Амартайван энэ үеэр  “Эрдэнэцагаан сумаас маань Монгол Улсын гавьяат малчин төрсөнд баяртай  байна. Ч.Цоггэрэл ах маань малаа маллаж, хүүхдүүдээ зөв өсгөж удам залгасан  малчин болгож, нутгийнхаа олон залуусыг араасаа дагуулж малжуулсан хүн. Малынхаа арьс, ширийг өөрсдөө боловсруулж суран эдлэлээ өөрөө хийдэг, тэднийд очиход  олс дээс  олж харахгүй. Бүгд шар суран ногт, хазаартай.

Хөсөг тэргээр нүүдэл, суудлаа хийж,газрын хамгийн алс хажуу, солжингоор нутаглаж отор хийж явдаг. Монголын нүүдэлчдийн соёлыг уламжилж яваа эрхэм хүн юм. Гэргий нь ажилсаг хичээнгүй, тэдний хамтын хөдөлмөр өнөөдөр ийм сайхан амжилтад хүрсэнд баяр хүргэе” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Д.Осгонбаяр:Дуу зохиож, дуулж яваа ард түмэн үргэлж дээшээ байдаг

Үндэсний их театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Осгонбаяр Жанжны нутгийнхандаа хандаж үг хэлэхдээ “Манай нутгийнхан  “Наран мандах нутаг” дуугаа Төрийн ордны өмнө, Сүхбаатарын талбайд нийтээрээ дуулж хөөр баяр болж байгаад би их баяртай байна. Миний анх дуулж хүмүүст хүргэсэн, намайг бас хүмүүст таниулсан сайхан дууны аялгууг бичсэн Ш.Батсайхан ах маань Улагийн гавьяат зүтгэлтэн боллоо. Багшдаа баяр хүргэе.  Сүхбаатарчууд дуулж, дуугаараа өөрсдийгөө дархалж яваа сайхан ард түмэн. Дууг  зохиож, дуулж  яваа ард түмэн үргэлж дээшээ байдаг юм шүү” гэлээ.

Эх сурвалж: www.news24.mn 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.117.113)