Европт “COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо 300 мянга давлаа
Европт “COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо 300 мянга давжээ. Коронавирусний шинэ вакцин итгэл найдвар төрүүлж байгаа боловч өвлийн улирал ирж буйтай холбоотойгоор халдварын тохиолдол, нас барсан хүний тоо үргэлжлэн нэмэгдэж болзошгүйд эрх баригчид санаа зовниж байна.
Европт дэлхийн нийт хүн амын 10 хувь нь оршин суудаг боловч дэлхий дахинд халдвараар нас барсан 1.2 сая тохиолдлын дөрөвний нэг нь тус тивд бүртгэгдээд байна. Мөн маш сайн тоноглогдсон эмнэлгүүдэд хүртэл ачаалал мэдэгдэж эхэлжээ.
Европт энэ оны эхээр өргөн хүрээг хамарсан хөл хорио тогтоосноор цар тахлыг хяналтад авсан боловч зунаас халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсон тул дараагийн ээлжийн хязгаарлалтуудыг авч эхэлсэн юм.
Европт өнөөдрийн байдлаар 12.8 сая хүн халдвар авч, 300114 хүн нас баржээ. Өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдлын тоо өдөрт 280 мянгаар нэмэгдсэн нь өмнөх долоо хоногийнхоос 10 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд дэлхий дахинд өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тэн хагас гаруй нь тус тивд илэрч байна.
Хэдийгээр “Pfizer” компанийн вакцин итгэл найдвар төрүүлж байгаа боловч үүнийг 2021 оноос өмнө хангалттай хэмжээнд түгээх боломжгүй тул улс орнууд өвлийн саруудыг ямар нэгэн тусламж дэмжлэггүйгээр даван туулах шаардлага тулгарч байгаа юм.
Их Британийн хувьд Англид шинэ хөл хорио тогтоогоод байна. Их Британи нь халдвараар нас барсан тохиолдлын тоогоороо Европын орнуудаас нэгдүгээрт жагсаж байгаа юм.
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар, Их Британид одоогоор өдөрт халдварын 20 мянга гаруй тохиолдол илэрч байгаагаас үзэхэд халдвараар нас барсан хүний тоо 80 мянга давж болзошгүй байна.
Мөн Франц, Испани, Итали, ОХУ-д өдөрт халдвараар нас барсан олон зуун тохиолдол бүртгэгдэж байна. Энэ оны эхээр тогтоосон хөл хорионы улмаас олон ажлын байр үгүй болж, аж ахуй нэгжүүд ихээхэн алдагдал хүлээсэн боловч Европ даяарх Засгийн газрууд шөнийн цагаар хөл хорио тогтоох, онцын шаардлагагүй дэлгүүрүүдийг хаах, хөл хөдөлгөөнийг хязгаарлах гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
Европын Холбооны орнуудаас халдварт хамгийн их нэрвэгдсэн Францад өнгөрсөн долоо хоногт өдөрт халдварын 48700 гаруй тохиолдол бүртгэгджээ. Парисын бүсийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр, эрчимт эмчилгээний тасгийн орны 92 хувь нь дүүрсэн байна.
Мөн Бельги, Нидерландад эмнэлгийн ачаалал ихээхэн нэмэгдсэнтэй холбоотойгоор зарим хүнд өвчтөнөө Герман руу шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.