Ирэх даваа гаригаас иргэд сайн дураар "COVID-19"-ийн шинжилгээ өгч болно
Засгийн газрын өнөөдрийн хурлаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийх үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас иргэд сайн дураар КОВИД-19-ийн шинжилгээг хэрхэн өгөх талаар тодрууллаа.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 2000 орчим шинжилгээг хийгээд байна. Улаанбаатарт байгуулсан 11 цэгээр дамжуулж шинжилгээ авч байна. Өнөөдөр гэхэд 400 гаруй хүнээс шинжилгээ авсан. Түргэвчилсэн антиген болон PCR гэсэн хоёр төрлийн шинжилгээ авна. Сэлэнгэ аймагт мөн өнөөдрөөс шинжилгээ авах хоёр цэг байгуулсан. 200 гаруй хүнээс шинжилгээ аваад байна.
Дархан-Уул аймагт мөн шинжилгээ авч байгаа. Сайн дураар шинжилгээнд хамрагдахад 150,000 төгрөгийн төлбөртэй гэдэг мэдээ бол ташаа. Шинжилгээг үнэ төлбөргүй хийж байгаа. Хотын хэмжээнд 11 цэг ажиллаж байгаа. Сайн дураар хамрагдах хүмүүс Даваа гарагаас шинжилгээ өгч болно.
Одоохондоо зөвхөн хавьтал болсон хүмүүсийг хамруулж байна. Бүх аймаг болон нийслэл, дүүргийн эмнэлгүүдээр түргэвчилсэн оношлуур тараагдсан. Энэ эмнэлгүүд шаардлагатай иргэдэд шинжилгээ хийж байгаа" гэв.