Цагаан сарыг цахимаар тэмдэглэхийг уриалжээ
COVID-19 цар тахлаас болж Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхийг хориглосон билээ.
Учир нь, Монголын уламжлалт сар шинийн баяраар аав, ээж ах дүүстэйгээ учран золгодог, ширээ тойрон бөөгнөрч суудаг учраас хамгийн их эрсдэл дагуулна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Тиймээс хайртай дотны хүмүүстээ эрсдэл учруулахгүйн тулд энэ жил Цагаан сарын золголтоо цахимаар хийхийг уриалж байна.
Энэ тухай ХӨСҮТ-ийн Нэгжийн дарга Н.Сувдмаа “ДЭМБ-аас цар тахлын вирус нэг хүнээс 10 хүнд халдварлах эрсдэлтэйг анхааруулсан. Тиймээс иргэд сар шинийн баяраар эрсдэлтэй орчинд байх, нэг дор олуулаа цуглах, ах дүүстэйгээ уулзах, учрах, золгох нь энэ өвчнийг бусдад халдаах, бусдаас халдвар авах магадлал өндөр байх болно.
Тиймээс олон нийтийн баярыг тэмдэглэхгүй байх хориг тавьж байгаа нь маш зүйтэй алхам. Иймд иргэд маань цахим золголтыг идэвхтэй дэмжээрэй. Өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс сэргийлээрэй” хэмээн зөвлөж байна.
Б.Туул