Томас Бах цуурхал мэдээллийг няцаав
Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Ерөнхийлөгч Томас Бах цаг үеийн тулгамдсан асуудлаар ОУОХ-ны гишүүн Үндэсний олимпын хороодын удирдлагатай цахим хурал зохион байгуулав.
"Токио-2020" олимпын наадмыг цуцлах ба хойшлуулах тухай цуурхал мэдээллийг эрс няцааж, Японы засгийн газар, Зохион байгуулах хороо /ТOGOC/-той улам нягт хамтран ажиллаж, цар тахлын аюулаас бүх талаар сэрэмжлэн, Зуны ХХХII олимпын наадмыг 2021 оны VII сарын 23-наас VIII сарын 8-ны өдрүүдэд цаг хугацаанд нь чанартай зохион байгуулна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Түүнчлэн Үндэсний олимпын хороод нь баг тамирчдын эрүүл мэндийг сахин хамгаалах, улс орондоо вакцинжуулалтыг хэрэгжүүлэх үйлсэд идэвхтэй манлайлахын чухлыг онцлон тэмдэглэв.
Цахим хуралд оролцсон 200 гаруй орны ҮОХ-ны удирдлагууд ОУОХ-ны Ерөнхийлөгчийн мэдэгдлийг бүрэн дүүрэн дэмжиж, "Токио-2020" олимпын наадмын бэлтгэл сургуулилтаа чамбай гүйцэтгэн, олимпын амжилтын төлөө цэвэр шударгаар өрсөлдөх, олимпизмын эв нэгдлийн төлөө итгэл төгс зүтгэж буйгаа илэрхийллээ.
Тус уулзалтад Монголын үндэсний олимпын хороо /MNOC/-ны ерөнхийлөгч Найдангийн Түвшинбаяр оролцлоо гэж МҮОХ-ноос мэдээллээ.