Коронавирусээр халдварлагсдын 20 хувийг хүүхэд эзэлж байна
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар “COVID-19” халдварын батлагдсан нийт тохиолдлын 20 хувь нь буюу 17 хүртэлх насны 4412 хүүхэд байна.
Үүнээс 4 хүртэлх насны хүүхэд 23,4 хувь, 5-9 насны хүүхэд 31,9 хувь, 10-14 насны хүүхэд 30,7 хувь, 15-18 насны хүүхэд 14 хувийг тус тус эзэлж байна.
Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайханы мэдээлснээр, хүүхдүүдийн биеийн байдал хүндэрсэн тохиолдол харьцангуй бага ч тэд вакцин хийлгээгүй учраас хүндрэх магадлалтай. Хэрэв биеийн байдал хүндэрвэл амьсгалын зам, зүрх судас, бөөр, зарим тохиолдолд мэдрэлийн эд эсийг гэмтээх эрсдэлтэй байдаг. Ер нь коронавирус нь олон эд эрхтэнийг гэмтээх, мөн халдварын дараа удаан хугацаанд ядрах, үс унах тохиолдол бүртгэгдэж байгаа аж.
Мөн мэдрэлийн эд эсийг гэмтээдэг тул энгийн томуу хэмээн тайвширч болохгүйг тэрбээр анхааруулав.