Ногоон байгууламж сүйтгэн авто зогсоол байгуулж байсныг зогсоов
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлж буй “Тэргүүн чансаа” ХХК цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг сүйтгэж, зөвшөөрөлгүй авто зогсоол байгуулж байсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Баянгол дүүргийн ЗДТГ, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран зогсоож, Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэхээр боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сүйтгэгдсэн ногоон байгууламжид үнэлгээ хийж, хохирлыг барагдуулах чиглэлээр компаниудад хариуцлага тооцож, шаардлага хүргүүлэх үүрэг өгсөн. Мөн ногоон байгууламжийг устгаж буй үйлдэл бүрд хариуцлага хүлээлгэхээ илэрхийлсэн юм. Энэ дагуу сүйтгэгдсэн ногоон байгууламжийн тоо хэмжээ, үнэлгээг холбогдох байгууллагууд гаргаж байна.
Баянгол дүүргийн 1, 3, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг Төмөр замын төв буудлын арын зам дагуух газрыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны тогтоолоор “Улаанбаатар хотод эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын жагсаалт”-д оруулсан. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/585 дугаар захирамжаар тус 3.6 га газрыг “Улаанбаатар Төмөр зам" ХНН-д олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар түр хугацаагаар эзэмшүүлсэн. Тус Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хөрөнгө оруулалтаар 2019-2021 онд үе шаттай хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөн, тохижилтын ажлыг эхлүүлсэн юм.
Энэ хүрээнд 1.4 га талбайд 880 метр төмөр хашаа барьж, 500 шоо метр шороон хөрсжүүлэлт хийж, гэрэлтүүлгийн гурван цамхаг байгуулж, төмөр хөшөө барьж, 400 метр явган зам тавьж, 2000 метр усалгааны систем хийж, 78 гацуур, 168 нарс, 8380 бут, сөөг тарьж, тохижуулжээ. Харин 2021 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 245 сая төгрөг, Баянгол дүүргийн ЗДТГ-ын 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн саадны ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийхээр төлөвлөж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд тус дүүрэгт өнгөрсөн долоо хоногт ажилласан. Энэ үеэр Ерөнхий сайд тус цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг хамгаалан, бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтаан хийж дуусгах үүргийг Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудад өгсөн юм.