Туул голын эрэг дагуу газар ашиглах, эзэмших 19 эрхийг хүчингүй болголоо
Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 аж ахуйн нэгжид газар олгожээ. Энд газар эзэмшигч нь барилгын ажлаа эхлээгүй, зарим компани шөнийн цагаар их хэмжээний хайрга, дайргыг бургаснууд дээр асгаж, гэмтээж байсан тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул голын эрэг дагуу 19 аж ахуйн нэгж амины болон орон сууцны зориулалтаар газар эзэмшиж байсан эрхийг хүчингүй болголоо.
Аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байсан газар нь НИТХ-ын 2016 оны 50 дугаар тогтоол /Усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүс”, “Ундны усны эх үүсвэрийн хориглолт болон хязгаарлалт”-ын бүсэд орсон/, БОАЖЯ, БХБЯ-ны сайдын хамтарсан 2018 оны А/0201 дүгээр тушаал /УБ хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалт”-ын бүсэд орсон/, БОНХАЖЯ-ны сайд, БХБЯ-ны сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал /Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг зөрчсөн/ байжээ.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага хэрэгжүүлэх ажиллагааны төлөвлөгөө, авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгасан авто замын трасст өртсөн учир газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
Хүчингүй болсон байршилд Хан-Уул дүүрэг 17 дүгээр хороо Зайсангийн гүүрнээс “Хан хиллс” хотхон хүртэл автомашины 10.5 м өргөнтэй, хоёр эгнээ бүхий урсгалтай, хоёр талаараа 1.5 м өргөн дугуйн замтай, явган хүний зорчих хэсэгтэй нэг км хатуу хучилттай зам тавигдана.
Мөн Зайсангийн гүүрнээс Их монгол улсын гудамж буюу Маршалын гүүр хүртэл Туул голын далан дагасан 2.5 м өргөн, 2.3 км урт дугуйн зам тавихаар төлөвлөж, газар чөлөөлөлтөд бэлтгэж байна. Тус байршилд авто, дугуйн замтай болсноор авто замын ачаалал багасах, дугуйтай зорчигчид зам тээврийн осолд өртөхгүй байх нөхцөл бүрдэх юм.
Газар олголтын тухайд анх 2008 онд Нийслэлийн Засаг даргын 449 дүгээр захирамжаар “Стандарт групп” ХХК-д амины
орон сууцны хотхоны зориулалтаар таван жилийн хугацаатай 273 000 ам метр талбай эзэмшүүлжээ. 2010 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Стандарт групп” ХХК-ийн эзэмшлийн газрыг дөрөв хувааж, нэр шилжүүлсэн бөгөөд 2017-2019 онуудад 18 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших эрхтэй болжээ.
Цаашид усан сан, ойн сангийн бүсэд газар эзэмшиж буй иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг үе шаттайгаар цуцална. Одоогоор усан сан, ойн сангийн газрын асуудлыг шийдэх хоёр ажлын хэсэг байгуулан, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий газрын газар ашиглалт, бүртгэлд хяналт, шалгалт хийн, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж байна.