Наадмаар 9 хоног амарна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор ирэх сарын 16-ны баасан гаргийн ажлын өдрийг 7 дугаар сарын 24-ний бямба гарагт шилжүүллээ.
Ингэснээр нийт 9 хоног амрахаар болж буй юм. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан байна.
Мөн Засгийн газрын хурлаар Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.