Худалдааны салбарынхан цахимаар чуулна
Монгол Улсад шинэ үеийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд "TRADE MONGOLIA-2021" чуулганыг маргааш зохион байгуулна.
Цахим чуулганы эхний хэлэлцүүлэг худалдааны салбарын орчны талаар болж, эрх зүй, институц, худалдааны санхүүжилт, "COVID-19" халдварын цар тахлын нөлөөний талаар оролцогчид мэдээлэл солилцож, тодорхой гарц шийдлийн талаар төр, хувийн хэвшлийн хүрээнд ярилцана.
Хоёр дахь хэлэлцүүлэг нь цаг үеийн тулгамдсан зүйл болоод буй тээвэр ложистик, хилийн боомтын талаар болж, уг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, чөлөөт бүс, экспортын талаар оролцогчид хэлэлцэх аж. Мөн цахим худалдаа, цахим шилжилтийн талаар хөндөхөөр байна. Чуулганыг МҮХАҮТ-ын албан ёсны цахим хуудсаар шууд дамжуулах юм.
Манай улсад худалдааны салбарын харилцааг зохицуулсан бие даасан хууль одоо хүртэл байхгүй явж ирсэн юм. Тус салбар нь 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ-ий 15.4 хувь, үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн 40 хувийг тус тус бүрдүүлж байна. Ажиллах хүчний зах зээлд ч томоохон байр суурь эзэлдэг бөгөөд улсын хэмжээнд худалдааны салбарт 2020 онд 165.6 мянган ажиллаж байна. Энэ нь нийт ажиллагсдын 14.7 хувийг эзэлж байна. Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эцэст 22 их наяд төгрөг болж, 2019 оноос 1.6 их наяд төгрөг буюу 6.9 хувиар буурчээ. Худалдааны салбарын нийт борлуулалтын 83.6 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна.