АНУ-ын хилээр нэвтрэхэд тавигдах шаардлага шинэчлэгдлээ
АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилган сэргийлэх төвөөс тус улсад зорчих журмыг шинэчилсэн талаар Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын Газраас өнөөдөр мэдээлэв.
Өнөөдрөөс эхлэн АНУ-д онгоцоор ирэх цагаач бус, иргэн бус зорчигчид /non-immigrant, non-citizen/ хүлээн зөвшөөрөгдсөн вакцинд бүрэн хамрагдсан баталгаагаа үзүүлсний үндсэн дээр онгоцонд суух боломжтой болно. Энэ журам нь 18 нас хүрээгүй зорчигчид, эрүүл мэндийн шалтгаанаар вакцин тариулах боломжгүй иргэд болон яаралтай шалтгааны улмаас вакцин хийлгэх хугацаагүй байсан зорчигчдод үйлчлэхгүй.
АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн баталсан болон зөвшөөрсөн вакцинууд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын яаралтай үед хэрэглэхийг хүлээн зөвшөөрсөн вакцинд:
Janssen/J&J-1 тун, Pfizer-BioNTech, Moderna, AstraZeneca, Covaxin, Covishield, BIBP/Sinopharm, Sinovac-2 тун багтаж байна.
Хүлээн зөвшөөрөгдсөн вакцинуудын 2 тунг 17 хоногийн зайтай хольж хийлгээд 14 хоносон гадаадын иргэд мөн тус улсын агаарын хилээр нэвтэрч болох бөгөөд вакцины бүрэн тунд хамрагдаагүй гадаадын иргэд тус улсын агаарын хилээр нэвтрэх боломжгүйг анхаарна уу.
Вакцины бүрэн тунд хамрагдсаныг баталсан гэрчилгээнээс гадна 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээгээр сөрөг хариу гарсан бол АНУ-д зорчих онгоцонд суух боломжтой. Энэ шаардлага нь АНУ-ын хилээр нэвтрэхээр төлөвлөж буй тус улсын иргэд болон гадаадын иргэдэд адил хамаатай болохыг анхаарна уу.
Илүү мэдээллийг https://travel.state.gov/.../requirements-for-air... цахим хаягнаас авна уу.