Банкны ажилтанд тавих суурь шаардлагын жишиг нэвтрүүллээ
Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан “Хамтран ажиллах гэрээ”-г өнгөрсөн онд байгуулж, банкны салбарт ажиллах ажилтанд тавих суурь шаардлагыг бий болгон, арилжааны банкуудаар мөрдүүлэх хөтөлбөр эхлүүлжээ.
Хөтөлбөр боловсруулахдаа манай улсын банкны салбарын онцлогт нийцүүлж, шинэ ажилтны суурь шаардлагыг хангах стандарт бий болгосон байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар стандарт хөтөлбөрийг “жишиг” болгон баталж, арилжааны банкууд сайн дурын үндсэн дээр өөрсдийн ёс зүйн дүрэм, дотоод бодлого, үйл ажиллагаандаа нийцүүлэн хэрэгжүүлэх боломжтойг өнөөдөр төв банкнаас мэдээлэв.
Өнгөрсөн хугацаанд банкууд өөрсдийн ёс зүйн дүрэм, дотоод сургалтын хүрээнд шинэ ажилтнуудаа сургаж бэлтгэж байсан бол төслийн хүрээнд банкны салбар нэгдсэн байдлаар ажилтандаа тавих суурь шаардлагын жишигтэй болж байгаа юм. Тодруулбал, банканд ажилд орж буй шинэ ажилтан боловсролоос үл хамааран, ажиллах хугацаандаа 9 сарын турш онол-практик хосолсон сургалтад хамрагдаж, батламж авна. Энэ нь тухайн ажилтны хувьд ирээдүйд өөр банканд шилжин орсон ч хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжлийн сертификат, баримт болох юм.
Шинэ банкирын жишиг суурь шаардлагыг хангуулах онол-практик хосолсон сургалтыг ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сангийн ноу-хауд тулгуурлан, Банк санхүүгийн академи ирэх оноос шат дараатай хэрэгжүүлнэ. Дээрх жишиг суурь шаардлага, жишиг журмыг одоогоор сайн дураар хэрэгжүүлэх ч холбогдох хууль тогтоомжийг нь баталчихвал заавал мөрдөх зохицуулалтын журам болно. Банкуудын хувьд энэ нь шинээр орж буй ажилтныхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх хөрөнгө оруулалт болохоос гадна харилцагч, иргэдийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах, зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн түвшинд хүргэж үйлчлэхэд түлхэц болох аж.