Will Smith-ийн алганы амттай Оскар
94 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслол ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Түрүү жил цар тахлаас үүдэн нэг л “амьгүй” болж өнгөрсөн Оскар өнөөдөр нижгэр сайхнаар барахгүй наргиантай, нанчилдаантай болов. Учир юу вэ гэвэл Америкийн нэрт комедиан Chris Rock “Шилдэг баримтат кино” төрлийн ялагчийг зарлахаар тайзан дээр гарах үедээ Will Smith-ийн эхнэр Jada Pinkett Smith-ийн талаар наргиа хэлж, улмаар “Шинэхэн ханхүү” маань олон сая үзэгчдийн өмнө, тайзан дээр Chris Rock-д алганы амт хүртээж орхив. Түүний энэ үйлдэлд гайхах нь гайхаж, бухимдах нь бухимдаж дуусаагүй байтал “Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин” төрөлд Will Smith ялснаар үзэгчдийн уур бухимдал улам нэмэгдэж хэдийнээ интернэтээр хүчтэй хэлэлцүүлэг өрнөж эхэлжээ.
Олны танил эрхмүүдийн “Улаан хивсний” дүр төрх бол өнөөдрийн бас нэгэн онцлох сэдэв. Хувцас загвараар дамжуулан “тунхаглал” хийдэг зоримог одод ч энэ орой өмсөх хувцсаа тун болгоомжтой сонгодог гэдэг. 2022 оны зочид ч бас дэлхий нийтэд тулгамдаад байгаа олон асуудлыг бодолцож, ухаалгаар хувцаслажээ. Энэ орой Kirsten Dunst эх дэлхийд томоохон асуудал тариад байгаа “fast fashion”-ийг эсэргүүцэж аль 2002 онд урлагдсан хуучин даашинзаа гаргаж өмссөн бол “Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшсэн “Хачин эмч” Benedict Cumberbatch Украйн улсын далбааг хослолынхоо энгэрт хатгажээ.
Харин зарим алдартнууд зүгээр л шүтэн бишрэгчдийнхээ нүдийг хужирлахаар шийдсэн бололтой. Louis Vuitton-оор гоёсон Timothée Chalamet-ийн нүцгэн цээж, Valentino Haute Couture-ийг биедээ тун чиг гоёмсог шингээсэн Zendaya нарыг энд дурдахгүй өнгөрвөл алдас болно биз.
Сүрхий кино үздэггүй хүн ч сонирхоод харчихдаг төрөл бол “Шилдэг киноны дуу”. Coco (2017) амимейшний дуу “Remember Me” Greatest Showman (2017) киноны “This is Me”, Call Me by Your Name (2017)-ийн “Mystery of Love” гэх жинтэй бүтээлүүд хоорондоо үзэлцсэн 2018 оны Оскартай харьцуулахад энэ жил өрсөлдөөн жаахан сул санагдсаныг нуух юун. Энэ жил 20 нас хүрч буй дэлхийн од Billie Eilish, түүний төрсөн ах авьяаслаг продюсер, дуучин Finneas нарт Lin-Manuel Miranda-с өөр өрсөлдөгч бараг л байсангүй тул 2020 оноос хойш дуншсан No Time to Die (2021) киноны ижил нэрт дуу энэ төрөлд Оскар аваад харина лээ.
Өнөөдөр Dune (2021) хамгийн олон буюу зургаан Оскарыг цуглуулж, “Шилдэг анимейшн” төрөлд Disney-н ээлжит бүтээл Encanto (2021) ялалт байгуулсан бол, “Шилдэг гадаад хэл дээрх кино” төрлийг Япон уран бүтээлчид Drive My Car (2021) киногоороо хүртлээ.
“Зэрлэг Өрнөдийн амьдралын талаар мэдэхгүй, Шинэ Зеланд авгай Өрнөдийн амьдралаар кино хийх гэлээ” хэмээн шүүмжлүүлж байсан Jane Campion The Power of the Dog (2021) киногоороо “Шилдэг найруулагч” төрөлд ялж “хялалзах тусам нь гялалзав”. Харин “Шилдэг хувцас дизайн” төрлийг “галзуу дизайнер” Cruella (2021) “хулгайллаа”.
Шагнал гардуулах ёслолын оргилд CODA (2021) оны шилдэг киногоор тодорч сонсголын бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой дэлхий дахинд хүрлээ. CODA (2021) энэ онд зургаан төрөлд нэр дэвшиж, “Шилдэг кино”, “Шилдэг сэдэвлэсэн зохиол”, “Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин” төрлүүдэд ялалт байгуулсан юм. Дашрамд сонирхуулахад эл кино нь 2014 онд бүтээгдсэн “La Famille Bélier” хэмээх Франц киноны англи хэл дээрх шинэчилсэн хувилбар билээ.