Цэцэрлэгт сугалаагаар ордогоо болино

Б.Оргил

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газар, Нийслэл хамтран гаргах нь зүйтэй гээд эдгээр шийдлийг 2022 оны төсвийн тодотголд тусгахыг үүрэг болгосноор 2022-2023 оны хичээлийн жилд хүүхдүүд цэцэрлэгт сугалаагаар хамрагддаг байдал үгүй болно гэдгийг хэлсэн юм.

Энэ хүрээнд УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэхдээ  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах саналыг дэвшүүлсэн юм.

Тэрээр хэлэхдээ, “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны норматив зардалтай холбоотой хөрөнгө төсвийн тодотголд тавигдаагүй. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 2,400 төгрөг байна.

Ийм хэмжээний мөнгөөр хүүхдэд шаардлагатай илчлэгийг өгч чадахгүй. Тиймээс цэцэрлэгийн хоолны үнийг эцэг эхтэй нь хуваалцдаг болохгүй бол төр бүгдийг нуруун дээрээ үүрч явах хүндрэлтэй болоод байна.

2013 он хүртэл цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эхээс нь авч байсан юм билээ. Улс төрийн зорилгоор тооцоо судалгаагүй гаргасан. Тэгсэн хэр нь төрөөс гаргаж байгаа зардал нь хүүхдэд хангалттай хэмжээний илчлэг өгдөггүй.  Тиймээс цаашид цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эхээс гаргуулах зайлшгүй шаардлага байна. Гэхдээ мэдээж эмзэг давхаргын бүлгийнхээ төр анхааралдаа авч явах нь зөв” гэсэн юм.

Мөн улсын хэмжээнд 2-5 насны нийт 305,278 хүүхэд байгаагийн 69,749 нь 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй байна. Нийслэлийн 57 байршилд цэцэрлэгийн хэт өндөр ачаалал үүсчээ.

Иймд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх дараах шийдлүүдийг БШУЯ санал болгож буйгаа танилцуулсан. Үүнд:

  • Цэцэрлэгийн барилгыг шинээр барих өргөтгөх,
  • Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх,
  • Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах,
  • Байгууллагын цэцэрлэгийг дэмжих,
  • Хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих,
  • Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх,
  • Орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах,
  • Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх,
  • Хүүхэд харах үйлчилгээг дэмжих,
  • Хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал өгөх зэргийг тусгажээ. 
  •  
  • Эх сурвалж: www.news24.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.217.86)