Ц.Элбэгдорж: Х.Баттулга аа, чи Путинтэй үнэхээр л найз юм бол УБТЗ-ын 50 хувийг Монголдоо аваад ир
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй уулзаж, асуултад хариулж байна. Мөн өөрийнхөө цахим хуудсаар сэтгүүлчидтэй хийх уулзалт ярилцлагаа шууд дамжуулав. Түүний ярилцлагаас нь онцлох эшлэлийг хүргэж байна.
1. Монгол Улс ШХАБ дахь ажиглагчийн байр сууриа ахиулах ямарч шаардлага байхгүй. Гар барьсан улсууд бугуй барина, дараа нь тохой барина, тэгээд тэвэрнэ. Энэ тэврэлтээс Монгол Улс гарч чадахгүй. Энэтхэг бол хаалгаар гарч чадна, харин Монгол Улс хаалгаа ч олохгүй. Монгол Улс ШАХБ-д орно гэж байхынхаа оронд Хятад, Орос, Монголын гурван талт уулзалтуудаа үр дүнд хүргэх хэрэгтэй.
2. Өнөөдөр Х.Баттулга Путинтэй тийм найз юм бол УБТЗ-ын Оросын талын 50 хувийг Монголдоо аваад ир. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүл л дээ.
3. Өнөөдөр Монгол Улсад гадаад бодлого гэж байгаа ч юм уу, үгүй юм уу.
4. Ерөнхийлөгчийн эрх, хэм хэмжээг хуулиар багасгаж өгч болно. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах хэрэгтэй. Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль шүүхийн чиглэл, Монголын уламжлал ёс заншлын чиглэлээр л хууль санаачлах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн оролцож болохгүй хил хязгаарыг нарийн тогтоож өгөх ёстой. Ерөнхийлөгч бол Монгол Улсыг гадаадад төлөөлөх эрхтэй л хүн.
5. Х.Баттулгатай итгэл үнэмшлээрээ ажиллах хүн олдохгүй. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгай нар л олддог юм.
6. Шударга бусын хонгил гэж яриад байна. Хулгай хийх зүүдээ ажил гэж байгаа юм.
7. "Эрдэнэт"-ийн 49 хувь, Тавантолгой төсөл дээр Ц.Элбэгдорж гэдэг хүн ингэсэн байна гээд баримтаа үзүүл л дээ. Намайг таван ажил харлуулсан шүү.
8. Би төрд, энэ улсад хэрэгтэй бол чаддаг юмаараа тусалъя л гэж боддог.
9. Би Ерөнхийлөгч байхдаа Монголын Улс төрийн намын тухай хуулийг тэр чигт нь өөрчлөх хуулийг санаачилж оруулсан ч батлаагүй. Шилэн дансны тухай хуулийг шинэчлэх шаардлага байна. Монголын төр өнөөдөр хариуцлагагүй байна, хийх ажил их байна. Монгол Улс ардчилал гэсэн хаягтайгаа л үлдсэн. Тиймээс өнөөдрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай хамтарч ажиллая гэдгээ хэлдэг.
10. Би Ерөнхийлөгчөөс буухдаа Х.Баттулгад ширээн дээр нь захиа үлдээсэн. Найман жил ажилласан туршлага дээрээ тулгуурлан захиа үлдээсэн, уншсан гэж найдаж байгаа.
11. Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 38 хууль санаачилсан. Зөвхөн хууль, шүүхийн байгууллагыг шинэчлэх хүрээнд 12 хууль санаачилсан. Би Х.Тэмүүжингийн шинэчлэлийг зогсоогоогүй, харин ч дэмжсэн юм шүү.
12. Яг үнэндээ өнөөдөр Монгол ялна биш, Монгол ална болоод байна шүү. Би Х.Баттулгыг сайн юм хийвэл сайныг нь магтана. Надтай хийсэн ажлаараа уралд л даа.
13. АТГ-аас дуудвал би явж очоод шалгуулна. 170 баримтыг нь олон нийтэд дэлгээд, юунд буруутгаж байгаагаа нээлттэй мэдээлэх хэрэгтэй.
14. Би Монголдоо сайхан уран зургийн музей үлдээчих юмсан гэж боддог. Заавал баян хүн цуглуулдаггүй юм шүү. Би уран зурагт үнэхээр хайртай, ойлгодог. Надад олон ч уран зураг бий. Хүмүүсийн хаясан юмыг ч би цуглуулдаг. Тэнд төсвийн мөнгө, улсын архиваас хулгайлсан зүйл нэг ч байхгүй. Хэрвээ тийм юм бол шалгах хэрэгтэй.
15. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг Монголын ямар ч Ерөнхийлөгч 100 жилдээ хийж чадахгүй шүү. Үүнийг бидний үеийнхэн хийж чадсан юм. Улсын төсвөөс 22 тэрбум төсөвлөснөөс 19 тэрбумыг нь зарцуулсан юм шүү. АСЕМ-ыг Монголын хувийн хэвшлийнхэн, хэвлэлийнхэн, сайн дурынхан үүрч гарсан юм шүү.
16. Өнөөдөр газрын тосны үйлдвэр барих гээд байгаа Энэхтэгийн нэг тэрбум ам.долларын зээлийг чинь би Кремлийн ордонд Ерөнхийлөгчтэй нь яриад тэр дор нь шийдэж байсан юм шүү дээ. Өнөөдөр үүнийг хэн ч мэдэхгүй. Америкт айлчлахдаа өнөөдрийн яриа байгаа хоёр онгоцны асуудлыг шийдсэн. Өнөөдөр Элбэгдоржийн сайн хийснийг биш, нөгөө тал руу нь л дайраад, харлуулах гэж л зүтгэж байна.