Физикийн багш нарын сургалт эхэллээ
Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадыг Монгол Улсад 5 дугаар сарын 22-30-нд зохион байгуулна. Олимпиадыг зохион байгуулах бэлтгэл ажил албан ёсоор өнөөдөр эхэлж байна.
Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг Монголын физикийн нийгэмлэг зохион байгуулж байгаа бол МУИС, МУБИС, ШУТИС-ийн эрдэмтэн багш нар удирдаж байна.
Энэ удаагийн олимпиадад Азийн 30 гаруй улсын 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш оролцох юм.
Азийн физикийн олимпиадад нэг улс 10 хүний бүрэлдэхүүнтэй нэг баг бүрдүүлж оролцдог. Зохион байгуулагч орон хоёр баг бүрдүүлэх эрхтэй. Өнөөдрийг хүртэлх сорилуудын үр дүнгээр Азийн 23 дахь удаагийн физикийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцох эхний 4 сурагч тодроод байна. Тэдэнд олимпиадад оролцох батламжийг гардууллаа.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ үеэр байгалийн ухааны хичээлийг судлахаас гадна амьдралд хэрэглэдэг болох нь хамгийн чухал гэж онцоллоо. Хэрэглээг нэвтрүүлэхэд энэ олимпиад чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн юм.