“ХААН Банк”-ны хувьцааны арилжаа эхэлж, үнэлгээ нь ₮2 их наяд хүрсэн анхны компани боллоо
Энэ даваа гарагаас үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа нь эхэлсэн "ХААН банк" ХК-ийн нэгж хувьцааны ханш Монголын Хөрөнгийн биржийн арилжаа хаахад 14.91 хувиар өсөж, 1102 төгрөгт хаалаа.
Ингэснээр тус компанийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ 2.1 их наяд төгрөг хүрч, нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 30 гаруй хувиар тэлэн 8.7 их наяд төгрөг болж түүхэн дээд үзүүлэлтэд хүрч байна.
Үүнээс гадна “Хаан банк” ХК I улирлын тайлангаа танилцуулаад байна. Цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 28.9 хувиар буюу 25 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 112 тэрбум төгрөг хүрснийг “BDSec” мэдээллээ.
I улирлын санхүүгийн үзүүлэлтээс харахад оны эцсээр өмнөх оны ашигт ажиллагааны түвшнийг бүрэн хадгалж, цэвэр ашиг нь компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөг дахин давж биелүүлэх төлөвтэй байгааг онцолж байна.