Г.В Плехановын нэрэмжит Монгол дахь салбар сургууль усан бассейнтай болов

Б.ТУУЛ

ОХУ, Монгол Улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан,техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын 25 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо болж байгаа энэ үед Г.В Плехановын нэрэмжит Эдийн Засгийн их сургуулийн Улаанбаатар хот дахь салбар сургуульд орчин үеийн стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан их сургуулийн дэргэдэх хамгийн анхны усан бассейны нээлт боллоо.

Нээлтийн ажиллагаанд ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч В.В Абрамченко, ОХУ-ын Шинжлэх Ухаан,Дээд боловсролын дэд сайд К.И Могилевский, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков нар болон Оросын зарим муж,их дээд сургуулиудын удирдлагууд оролцов.

Энэ үеэр ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко “Тус салбар сургууль нь орос хэл, Оросын Холбооны Улсын боловсролын стандарт, арга зүй, Оросын соёлыг сонирхдог хүмүүсийг татах цэг байх болно.

Бид энэхүү усан бассейныг усан спортоор хичээллэж, түүнээсээ таашаал авах боломжийг хүүхэд залуучуудад олгох зорилготой нээж байна. Их сургуулийн энэхүү усан бассейн нь Улаанбаатарчуудын хувьд усан спортоор хичээллэх шинэ талбар болох юм” гэж хэллээ.

Усан бассейныг тус сургуулийн багш ажилтан,оюутан сурагчдын эрүүл мэндийг дэмжих зорилгоор биеийн тамирын хичээл, спортын дугуйлан зохион байгуулахад мөн ашиглах юм байна.Нээлтийн ажиллагаанд оролцсон ОХУ-ын холбогдох албаны хүмүүс тус сургуульд, сургалтад хэрэглэгдэх ном сурах бичгийг хүлээлгэн өгсөн юм.

Г.В Плехановын нэрэмжит Оросын Эдийн Засгийн их сургуулийн Монгол дахь салбар нь эдийн засаг, санхүүгийн салбарт зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг. Багшлах боловсон хүчин, материаллаг бааз, тоног төхөөрөмж сайтай, сургууль юм.

Өдгөө 1500 суралцагчтай Г.В Плехановын нэрэмжит Оросын Эдийн Засгийн их сургуулийн Монгол дахь салбарын амжилт ололтоос дурьдвал, сургалтын чанар, төгсөгчдийн амжилтаар 2022 онд шилдэг аравт багтсан байна.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.203.242)