Д.Саруултөгс зээрэнцэг шидэлтээр мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Ханжөү хотод Азийн зуны спортын IV пара наадам долоо дахь өдрөө болж байна.

Өнөөдөр тус наадмын хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн F-40, 41 ангилалд Монголын тамирчин 2019 оны Азийн дээд амжилтыг эзэмшигч Д.Саруултөгс 20.79 метр шидэлт хийснээр мөнгөн медаль хүртлээ.

Д.Саруултөгс “Ханжөү-2022” Азийн наадмаас Монголын багийн найм дахь медаль, гурав дахь мөнгөн медалийг авсан нь энэ.

 Мөн тус наадмаас Монголын хөнгөн атлетикийн найман тамирчин ДАШТ-д оролцох есөн эрх авч байна. Д.Саруултөгс медаль хүртсэнийхээ дараа "Энэ медалиа тэнгэрт байгаа аавдаа зориулж байна. Аав минь бурхан болоод нэг сар болж байгаа юм. Ханжөүд аавынхаа нэрийг дуудуулахыг хүссэн, зорилго минь биеллээ" хэмээжээ.

Монголын хөнгөн атлетикчид Азийн наадмаас өмнө нь Э.Өнөрмаа мөнгө, Г.Мөнхбат, Г.Цогтгэрэл, Ц.Баттулга нар хүрэл медаль хүртэж байсан бол Д.Саруултөгс хөнгөн атлетикийн Монголын тав дахь медальтан болов.

Монгол Улсын баг “Ханжөү-2022” Азийн наадмын долоо дахь өдрийн байдлаар хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медальтайгаар 44 орноос 20 дугаар байрт жагсаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.108.200)