ХАЛХЫН ГОЛ-85: 1939 оны дайн монгол түмнийг төдийгүй даян дэлхийг цочроосон дайн байлаа
Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж “Хөх даалимбан тэрлэг” алдарт найраглалдаа :
Халх голын дайн зөвхөн
Халх голын дайн байсангүй
Хайртан бүхнээ дайснаас өмөөрсөн
Хамаг ардын дайн байлаа
Эгэл миний амьдрал дундуур
Энэ дайны аюул гарахдаа
Эргүй эм, эцэггүй хүү
Эзэнгүй дээл орхиод явлаа... хэмээн энэ дайн Монгол түмний төдийгүй даян дэлхийг цочроосон, хагацал харууслын хар нулимс асгаруулсан аймшигт дайн байсныг яруу тод дүрсэлсэн байна.
Тухайн үеийн Японы милитаристууд 1939 онд манай улсын зүүн хязгаар Халх голд цэрэг зэвсгийн их хүчээр довтлон цөмрөн орсон зарлаагүй хөнөөлт дайн нь зөвхөн хилийн будлиан төдий бус БНМАУ-ыг эзлэн авч, нутаг дэвсгэрийг нь ЗХУ-ын эсрэг дайны түшиц газар болгох зорилготой дэлхийн II дайн эхлэхийн дохио байсан ажээ. Энэ балмад бодлогоо хэрэгжүүлэхийн тулд Япон-манжгогийн цэргүүд 1935-1936 онд Халхын сүм, Булан дэрс, Адаг долоон зэрэг газраар өдөөн хатгах үйл ажиллагаагаа улам хүчтэй болгож байсан боловч Монгол ардын армийн Ш.Гонгор, Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн нарын зэрэг олон эрэлхэг дайчин тэдэнд хариу цохилт өгч баатарлагийн гайхамшгийг үзүүлсэн байна.
Япончууд Манжуурт байсан Квантуны армийн цэрэг, зэвсгийн тоог нэмэгдүүлж, БНМАУ-д довтлохоор эрчимтэй бэлтгэж байв. Японы түрэмгийлэгчдийн аюул манай хил хязгаарт тулж ирсэн үед БНМАУ-ын хүсэлтээр 1937 онд Зөвлөлтийн улаан армийн ангиуд манай улсад иржээ. Японы эзэрхийлэгчид 1939 оны тавдугаар сарын 11-нд олон тооны нисэх онгоцоор дэмжүүлсэн цэргийн ихээхэн хүчээр Халх голд цөмрөн орж, Монгол Зөвлөлтийн цэргийн эсэргүүцэлтэй тулгарч, ширүүн тулалдаан эхэлжээ.
Япончууд Халх голын сав газар 75000 цэрэг офицер, 500 гаруй их буу, 182 танк, 300-350 нисэх онгоц зэрэг их хэмжээний цэрэг зэвсэг хуралдуулан хүчтэй давшилт хийхээр бэлтгэж байсны зэрэгцээ энэ хугацаанд Японы зандалчид нутгийн гүн рүү дүрвэн нүүж буй айл өрхийн мал сүрэг, гэр, цэргийн агт морьдыг агаараас дайран бөмбөгдөж, худаг усыг хордуулах, бактериологийн болон химийн зэвсэг хэрэглэж байсан зэрэг нь судалгаагаар нотлогджээ.
Япончууд 1939 оны зургаадугаар сарын 27-ны өглөөгүүр 70 сөнөөгч онгоцоор халхлуулсан 23 бөмбөгдөгч онгоцоор Тамсагбулагийг бөмбөгдөөд, мөн өдрийн үдээс хойш 20-оод онгоцоор (энэ тоо тодорхой бус) Баянтүмэн хотыг нутгийн гүнээс барууунаас зүүн тийш дайрч, 120 бөмбөг хаяж, агаараас пулемётоор шүршиж, бензин тээгч нэг машин шатаж, орос барилгачдын барьсан 220 хүний суудалтай “Ленин кпуб” засвар авах боломжгүй болтлоо эвдэрч, нэлээд байшингийн дээвэр цоорон гэмтэж, тэр үеийн ханшаар 80000 орчим төгрөгийн хохирол учирсан гэдэг. Зөвлөлтийн сөнөөгч онгоцнууд хотын ойролцоо дайсны хоёр онгоцыг сөнөөж, нэг онгоцыг буулгажавчээ. Япончуудын агаарын энэ дайралтад тус хотын оршин суугчид амь хоргодох байр эрж хайн айж сандарч, “алтан амь” гэгч ямар их үнэтэй болохыг голдоо ортол мэдсэн хэмээн тэр үеийн зарим хүн дурсан ярьж билээ.
1939 оны Халхын голын байлдааны 60-80 км өргөн фронтод Зөвлөлт-Монголын болон эсрэг талын бүгд 800-гаад онгоц бөөгнөрч, тавдугаар сарын 22, наймдугаар сарын 20-ны хоёр удаагийн агаарын ширүүн тулалдаанд нэг км талбайд 10-12 онгоц оролцсон нь Зөвлөлт эх орны дайны үеийнхээс хэд дахин их нягтралтай олон онгоцны тулалдаан байсан гэдэг. Энэ нь урьд өмнөх дэлхийн дайны түүхэнд ийм бага зайд, тийм олон онгоц тулалдаанд нэгэн зэрэг орж байсан удаагүй, онцгой үйл явдал болсон гэнэ.
Халх голын байлдаанд Баян- цагааны тулалдаан чухал байрыг эзэлдэг бөгөөд энэ тулалдаанд Л.Дандарын удирдсан морьт хороо, Зөвлөлтийн армийн хошууч И.М.Ремизовын командалсан мото буудлагын хороо, М.П.Яковлевын ахалсан танкийн бригад зэрэг нэгтгэл ангиуд гарамгай байлдаж, долоодугаар сарын 5-ны өдөр дайсны бэхлэлтийг устгаж, Баянцагааныг чөлөөлжээ.
Монгол, Зөвлөлтийн командлал Японы түрэмгийлэгчдийг бут цохих шийдвэртэй давшилт хийх бэлтгэлийг хангаж, 1939 оны наймдугаар сарын 20-ны өглөө гэнэт сөрөг довтолгоонд оров. Халх голд Монгол, Зөвлөлтийн цэрэг 510 нисэх онгоц, 600 их буу, олон тооны танк, хуягт зэрэг зэвсэгтэй ихээхэн хүчээр өргөнөөрөө 60-80 км, гүнээрээ 20-30 км фронтоор хамтын давшилтаа эхэлжээ. Наймдугаар сарын 21-ний өдөр Монгол, Зөвлөлтийн бөмбөгдөгч онгоцууд 246 удаа нислэг хийж, дайсныг хүчтэй бөмбөгдөж, сөнөөгч онгоцууд дайсны 74 нисэх онгоцыг сөнөөсөн байна.
БНМАУ-ын тусгаар тогтнолыг хамгаалах хамтын ширүүн тэмцэл наймдугаар сарын 20-30-ны өдөр болж, Японы империалистүүдийн харгис цэргийн хүчийг бүрмөсөн ялж устгасан түүхтэй.
Апдарт жанжин маршал Г.К.Жуковын командалсан Зөвлөлтийн армийн дайчид, Халх голын байлдааныг төгс ялалтанд хүргэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг Монголын ард түмэн үеийн үед санан дурсаж явах учиртай. Монгол ардын цэргийн ерөнхий командлагч маршал Х.Чойбалсан Халх голд фронтын галын шугам дээр очиж байлдааны цаг үеийн байдалтай танилцаж, зөвлөгөө даалгавар өгдөг байжээ. Халх голын тулалдаанд Монгол улс орчин үеийн байлдааны бүрэн хэмжээний зэвсэг техниктэй, хүчирхэг армитай болсноо дэлхий дахинаа батлан харуулсан гавьяатай.
Халх голын тулалдаанд Монголын VI, VIII морьт дивиз, Зөвлөлтийн армийн моторчилсон 36 дугаар дивизийн 24 дүгээр хороо, танкийн 11 дүгээр бригад, нисэх онгоцны 100 дугаар бригад, буудлагын 124 дүгээр хороо зэрэг анги онцгой шалгарчээ. Монгол Зөвлөлтийн армийн олон зуун дайчин эх орныхоо төлөө баатарлаг гавьяа байгуулсны дотор Монгол ардын цэргийн дайчдаас Л.Дандар, Д.Нянтайсүрэн, Ц.Олзвой, Л.Гэлэгбаатар, Д.Хаянхярваа, П.Чогдон, Д.Гуулин, Д.Самдан, Ч.Дугаржав, М.Экей, Н.Жамбаа, С.Төмөрбаатар нар БНМАУ-ын баатар цолоор, Монголын олон зуун дайчин төрийн дээд шагнал одон медалиар тус тус шагнагджээ. Зөвлөлтийн цэргийн нэрт жанжин Г.К.Жуков, армийн генерал И.И.Федюнинский, Б.А.Судец нарт БНМАУ-ын баатар цол олгосон юм. БНМАУ-ын нутгийг өөрийн төрөлх эх орноосоо өөрцгүй хамгаалах үйлсэд баатарлаг гавьяа байгуулсан Зөвлөлтийн цэргийн дайчдаас корпус командлан захирагч Г.К.Жуков, танкийн бригадын командлагч М.П.Яковлев, хошууч И.М.Ремизов нарын 70 хүнд ЗХУ-ын баатар цол олгож, гарамгай нисгэгч Г.П.Кравченко, И.С.Грицевец, Я.В.Смушкевич нарыг ЗХУ-ын хошой баатар цолоор, ЗХУ-ын төрийн дээд шагнал одон медалиар олон мянган хүнийг шагнажээ.
Халх голд дөрвөн сар үргэлжилсэн тулалдаанд япончууд 61000 хүнээр хохирч, 360 нисэх онгоцоо сөнөөлгөж, их буу 145, пулемёт 340 зэрэг олон тооны зэвсэг хэрэгсэл, эд хогшлоо олзлуулсан байна.
Халх голын байлдааны үед буй болсон эх газрын шарх, сорви арилаагүй, БНМАУ-ын тусгаар тогтнолыг амь насаараа хамгаалсан Зөвлөлт, Монголын эрэлхэг хөвгүүдийн мөрөө үлдээсэн асар олон түүхэн дурсгал энэ нутагт байдаг бөгөөд тэдний маань цус, хөлс шингэсэн газар шороо, ариун нандин шарил нь өдгөө хөрсөн доор энд тэндгүй байсаар байна.
Халх голд болсон энэ дайнд үр хүүхэд, ханиа алдаж хагацал үзсэн Оросын ард түмний төлөөний олон хүн алсад орших Монголын тал нутгийг зорин ирж, Халх голын газрын шорооноос дээж авч буцдаг байсан нь хорвоод эргэж заяахгүй хайрт үрсээ алдаж, хагацлын нулимсан дунд үлдсэн орос эх хүүгээ санагалзахдаа энэ газрын цус шингэсэн шороог элгэндээ тэвэрч сэтгэлээ зогоон харууслын хар мананд гиюүрэн суудаг байсных бизээ!
Үүний нэгэн адил олон зуун Монгол эхчүүд энэ дайнд үр хүүхдээ алдаж, хагацал харууслын гашуун зовлон үзсэн нь мэдээж.
“Ямар их хүнд үнээр
Ялалт ирснийг бид мэдлээ
Хагацалд үерлэх халуун нулимс
Харуусал тайлж хүрдэггүй билээ...
Дайчин нөхөр минь дахиад ирэлгүй
Дайныг үүрд аваад явахдаа
Өөрөө хэдий амиа алдсан ч
Өрөөл бусдад амьдрал өгсөн юм...”
“Хөх даалимбан тэрлэг” найраглалаас
Тайлал:
Монгол туургатны нэрт эрдэмтэн зохиолч Ванчинбалын Инжаннаш: (1837-1892) “Зэвсэг барин байлдан тулалдаж явсан ард түмэн хожмын нэгэн цагт цэцэг барин золгох өдөр ирнэ” хэмээн онож хэлсэн мэргэн үг өдгөө амьдрапд хэрэгжиж, урьдын юм ул болж өнөөгийн юм туг болж Монгол, Японы ард түмэн цэцэг барин золгоцгоож, найрсаг сайхан ах дүүгийн харилцаатай түнш орнууд болжээ.
Монгол Улсын гавьяат багш Тугчин Д.ГОМБОЖАВ