ЗАВХАН: Өвөлжилт хүнд байгаа газруудын зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өгч байна

 Тус аймгийн дөрвөн сумын нутагт зэрлэг амьтдад зориулж биотехникийн ажлыг хийж байна.

Завхан аймгийн нийт нутгаар цас ихтэй зудын эрсдэлтэй байгаа 10 орчим сум бий. Эдгээр өвөлжилт хүндэрсэн зудын эрсдэлтэй сумдад зэрлэг амьтны амьдрах орчныг тэтгэх зорилгоор био техникийн ажлыг хийж байна.

 

Тухайлбал Идэр суманд 15 боодол өвс, Их-Уулд 30 боодол өвс, Тосонцэнгэлд 50 боодол өвс, Тэлмэнд 15 боодол өвс гээд нийт 110 боодол өвс, 5 уут хужрыг 11 цэгт байршууллаа.

Цаашид өвөлжилт хүндэрсэн Отгон, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Цэцэн-Уул, Сонгино, Түдэвтэй, Нөмрөг, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Алдархаан сумдын нутагт биотехникийн үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн.

Өвөлжилт хүндрэхэд цас зуднаас шалтгаалан идэш тэжээл хайж, суурьшлын бүс рүү орж ирдэг зэрлэг амьтдын дийлэнх нь нохойд бариулж, багагүй хувь нь хүний үйл ажиллагааны золиос болж тоо толгой нь цөөрдөг.

Биотехникийн үйл ажиллагаа нь уг нөхцөлийг арилгахад чухал нөлөөтэй юм.

 

Ер нь байгаль цаг уурын хүндрэл тохиож буй энэ үед зэрлэг амьтдад авах арга хэмжээний төлөвлөгөө зөвлөмжийг нарийн гаргаж, мэргэжлийн байгууллагууд, байгаль хамгаалагч нар, нутгийн иргэд хамтран ажиллах нь үр дүнтэй юм.

Зэрлэг амьтдад жилийн тодорхой улиралд өвс тэжээл, хужир мараа тавьж өгөх ажлыг “Амьтны тухай хууль”-д биотехникийн арга хэмжээ хэмээн тодорхойлж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, амьтныг өсгөн үржүүлэх мэргэжлийн эрх бүхий байгууллагаар аргачлалын дагуу гүйцэтгүүлнэ гэж заасан байдаг гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.103.185)