Христэд итгэгчид баяраа тэмдэглэв

Б.Туул

 Христийн шашны хамгийн эртний баяруудын нэг Есүс Христийн загалмайлсан өдөр буюу жил бүрийн нэгдүгээр сарын 19-нд оросууд мөргөл үйлдэж, мөстэй усанд шумбах уламжлалт зан үйлийг хийдэг.

Тус улсад жил ирэх тусам өргөжиж буй энэхүү Их Эзний баярын өдөр ОХУ-д хэдэн зуун мянган хүмүүс бодол санаа, бие махбодь, сэтгэл санаагаа ариусгах итгэл үнэмшлийн дор бурханд залбирч энэхүү ёслолыг үйлддэг ажээ.

Энэхүү тэмдэглэлт өдрийг хүндэтгэн Монгол Улсад суугаа ОХУ-ын  Элчин сайдын яамны дэргэдэх Цэрэг, агаарын цэргийн аташе, хошууч генерал Павел Владимирович Петрунин, Хэвлэл олон нийттэй харилцах пресс атташе Татьяна Михайловна Сятчихина болон холбогдох албаны хүмүүс Монголд ажиллаж амьдардаг нутаг нэгтнүүд, христэд итгэгчдийн хамт энэхүү баярыг тэмдэглэж, Монгол дахь Гэгээн Троицкийн сүмд мөргөл үйлдэв.

Тус сүмд энэхүү мөргөлд оролцохоор манай улсад ажиллаж амьдардаг орос иргэд, ахан дүүс гэр бүлээрээ хүрэлцэн ирсэн байлаа. Мөн христийн шашин шүтдэг монгол иргэдийн төлөөлөл ч бас цөөнгүй байсан. Энэхүү баярын утга учир, зан үйлийн тус сүмийн ширээт ламаас дараах мэдээллийг тодруулсан юм.

Монголд байгаа бүх үнэн алдартнууд энэ баярыг тэмдэглэдэг

Гэгээн Троицкийн сүмийн ширээт лам Антони:

-Өнөөдөр христийн шашинтнуудын хувьд хамгийн чухал баярын өдөр тохиож байна. Та энэхүү баярын утга учир, зан үйлийн талаар товч мэдээлэл өгнө үү?

-Энэ өдөр Есүс Христ анх удаагаа ард иргэдийн өмнө гарч ирсэн ба Иоанн-загалмайлагч Бурханы хүүг Йордан голын усаар угааж, загалмайлсан юм. Үүний дараа Есүс Христ анхны номлолоо хэлсэн бөгөөд түүний номлол  нь “Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна” гэх үгсээр эхэлсэн байдаг. Энэ өдөр сүсэгтэн олон харзны усанд ордог. Харин энэхүү зан үйлийг шашны гэдэг утгаар нь авч үзэхийг санал болгож байна. Бурхан багш биднийг нүглээ наманчилж, бодол санаагаа тэгшитгэж, сайн үйлс хийхийг уриалж байгаа нь энэ баярын гол утга учир юм.

-Үнэн алдартны шашинтнууд энэ баярын өдөр бас харзны усанд ордог. Энэ нь юуг билэгддэг вэ?

-Мөсөн цооног буюу харзны усанд сэлэх нь эртний уламжлалт зан үйл юм. Хэрэв хүн итгэл үнэмшил дүүрэн харзны усанд орвол өөрт нь л сайн. Харин зүгээр л бусдад өөрийгөө гайхуулах гэсэн бол сайн юм юу байхав дээ. Христийн шашин дагагчид заавал загалмайлах ёслолд оролцож, усан баталгаа хийсэн байх ёстой байдаг. Өнөөдөр энэ баярыг Монголд байгаа бүх үнэн алдартнууд тэмдэглэж байгаа. Бид цөөхөн боловч бидний дунд Орос, Монголоос гадна өөр гарал үүсэлтэй хүмүүс олон бий. Тухайлбал, серб, америк гээд. Харин Орос орны хувьд бол манай улс уламжлалт үнэн алдартны шашны орон учир энэ баярыг эрт дээр үеэс тэмдэглэж ирсэн.

-Монголд энэ баярыг хэр олон хүн тэмдэглэдэг юм бол?

-Энэ талаар сайн  хэлж мэдэхгүй байна. Ойролцоогоор 200-300 байж магадгүй. Сүмд ирдэг хүн нь цөөхөн боловч үнэн алдартны шашныг дагадаг хүн олон  байдгийг бид мэднэ. Үнэн алдартны шашин Монголд дэлгэрээд 160 жил болж байна. Тиймээс 159 дэх жилдээ уг баярыг тэмдэглэсэн болов уу? 1864 онд Өргөө хот дахь Оросын Консулын газрын дэргэдэх сүмд анх удаа Үнэн алдартны залбирал үйлдсэн бөгөөд тэр цагаас хойш Монголд Үнэн алдартны лам нар болон сүсэгтэн олон ирэх болсон. Мэдээж, Зөвлөлт засгийн үед завсарласан л даа. Тэгэхдээ тэр үед ч гэсэн Монголд үнэн алдартнууд байсан бөгөөд тэд энэхүү баяраа тэмдэглэсээр ирсэн гэдэгт итгэлтэй байна. Чухам тэрхүү үнэн алдартнууд 1995 онд Москва болон Бүх Оросын Дээрхийн Гэгээнтэн Патриарх Алексейд захидал илгээж, лам илгээнэ үү гэсэн хүсэлтээ уламжилжээ. Тийм болохоор энэ олон жилийн турш Үнэн алдартны шашны уламжлалт зан үйлүүд тасалдаагүй гэж хэлж болно.

Бурханы элс Павел апостолын зааснаар бид бүгдийг хийж болно, гэвч бүх зүйл надад сайнаар тусахгүй. Тийм болохоор онц гойд хорьж хориглоод, эсвэл заавал дагаж мөрдөөд байх зүйл байхгүй. Элдэв хатуу дэг хориотой, хоолны дэглэмтэй шашны зан үйлс байдаг, тэгэхдээ өнөөдрийн баяр тэдний тоонд орохгүй. Нүгэл үйлдэхгүй байх гэсэн л ганц хорио, сайн үйлс үйлдэж, ойр дотнын болон бусад бүх хүн төрөлхтнийг хайрлах гэсэн ганц шаардлага байна даа.

Эх сурвалж: www.News24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.41.200)