24 өрхөд орон сууцны батламж гардууллаа

НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” компанийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд эрхийг нь цуцалжээ. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” компани 24 айлын 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохироод байсан юм.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 10 жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон 24 өрхийн хохирлыг барагдуулж, орон сууцны батламж гардуулжээ. Дээрх 24 өрх 2014 онд газраа чөлөөлсөн ч өнөөдрийг хүртэл хоёр удаа гүйцэтгэгч компани нь солигдсон байна. Гэвч төсөл цааш үргэлжлэх боломжгүй болж, газраа чөлөөлсөн айлууд 10 жилийн турш НОСК-ын түр суурьшуулах байранд амьдарч байжээ.

Энэ үеэр  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хот гэр хорооллоо орон сууцжуулж байж агаар, хөрсний бохирдлоос ангижран, иргэдийн амьдралын чанар сайжирна. Одоо тулгарч байгаа асуудлуудыг шийдэхийн тулд өмнөх бодлогын алдааг засаж залруулах ёстой. Тиймээс Хотын даргын албан тушаалд томилогдсоны дараагаар “Нийслэлийн орон сууцны корпорац”, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын удирдлагуудтай уулзаж, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын улмаас хохирсон айлуудын хохирлыг барагдуулахаар ажилласан” хэмээв.

2017 онд хийсэн судалгаагаар гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын улмаас 640 өрх хохирсон байдаг. Өнөөдрийн байдлаар НОСК-ын түр суурьшуулах байранд 132 өрх амьдарч байна. Үлдсэн айлуудын хохирлыг үе шаттайгаар барагдуулах бөгөөд нийслэлээс тухайн байршилд дэд бүтцийг бүрэн шийдвэрлэж, хүлээсэн үүргээ биелүүлсэн тул төслийг үргэлжлүүлэх бүрэн боломжтой. Иймд дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.229)