Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийв

 НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан болж, нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрбээр “Засгийн газрын 2023 оны тогтоолоор Улаанбаатарт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийж, нийслэлийн энэ оны төсөвт тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгосонтой холбоотой нийслэлийн энэ оны төсөвт тодотгол хийж байна” хэмээв.

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төсөлд 2024 онд зайлшгүй хийх дараах төслүүдийг тусгажээ. Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийх юм. 

Улаанбаатар хот 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан тул Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу болон Бага тойруугийн гудамж, Олимпын гудамжнаас Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам талбайг байгалийн чулуун хийцлэлтэй болгоно. Мөн ногоон байгууламжийг нэмж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар Урт цагааны гудамж, 32-ын тойрог орчимд ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайг тохижуулахаар төлөвлөөд байна. Тодорхой байршлуудад аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлж, нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, 2024 онд төвлөрүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг батлахаар төлөвлөжээ. Нийслэл дүүргийн ЗДТГ, түүний харьяа агентлагуудын чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгох, ажлыг уялдуулах, бүтээмж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр төсөвт тодотгол хийж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

Газрын цахим болон газар эзэмших гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт төвлөрүүлэхийг эрчимжүүлснээр нийслэлийн орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэхээр төсвийн төсөлд тусгажээ. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, бусад дэд бүтцийн засвар, цэвэрлэгээ үйлчилгээ, хамгаалалтын зардлыг 27.8 тэрбум төгрөгөөр нэмэхээр тооцсон байна. Нийслэлийн удирдлагууд хүн амын нягтаршил ихтэй, томоохон хотхон, хорооллуудад улсын сургууль, цэцэрлэг барихаар хувийн хэвшлүүдтэй зөвшилцөж байгаа аж.

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг энэ сарын 28-ны өдөр хийхээр тогтлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.200.102)