Өмнөд Каролинагийн анхан шатны сонгуульд Д.Трамп ялжээ


 Бүгд найрамдах намаас /БНН/ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах анхан шатны сонгууль Өмнөд Каролина муж улсад бямба гарагт болж, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп НҮБ-д Байнгын төлөөлөгчөөр сууж асан Никки Хейлиг ялж, намаасаа сонгуульд нэр дэвших замаа дахин бататгалаа.

Айова, Нью-Хэмпшир болон АНУ-ын Виржинийн арлуудад болсон сунгаанд Д.Трамп ялаад байгаа ба Өмнөд Каролинагийн сунгааны дүн Н.Хейлиг өрсөлдөөнөөс гаргах дарамтыг нэмэгдүүлэх бололтой.

Хэдийгээр Н.Хейли төрөлх муж улсдаа ялагдал хүлээсэн ч өрсөлдөөнөөс гарахгүй гэдгээ дахин мэдэгдэв. Тэрбээр Өмнөд Каролинагийн анхан шатны сонгуулийн дүн ямар гарахаас үл шалтгаалан сунгаанд үргэлжлүүлэн оролцоно гэдгээ өмнө нь мэдэгдсэн юм. Бизнес эрхлэгч Вивек Рамасвами, Нью-Жерси муж улсын захирагч асан Крис Кристи, Арканзас муж улсын захирагч асан Аса Хатчинсон, Флорида муж улсын захирагч Рон Десантис нар БНН-ын сунгаанаас нэрээ татсаны дараа Н.Хейли Ерөнхийлөгч асан Д.Трампын гол өрсөлдөгч болоод байгаа юм. В.Рамасвами, Р.Десантис нар Д.Трампыг, А.Хатчинсон Хэйлиг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн билээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.179.132)