Европын удирдагчид Киевт очжээ
Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Бельгийн Ерөнхий сайд Александр де Кро нар Оросын довтолгоо эхэлсний хоёр дахь жилийн ойгоор Украинтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэхээр өчигдөр Польшоос шөнийн галт тэргээр Киевт иржээ.
“Одоо бид санхүү, эдийн засаг, мөн дайн дайжин, ёс суртахууны хувьд хэзээ хэзээнээс илүү Украины талд бат зогсож байна" гэж фон дер Ляйен олон нийтийн X сүлжээнд бичсэн байна.
Тэрбээр мөн "Европын орнууд Украин улсыг бүрэн дүүрэн эрх чөлөөтэй болох хүртэл дэмжинэ” гэдгийг амлажээ.
Европын удирдагчид Оросын довтолгооны эхэн үед ширүүн тулалдаан болж, Киевийг эзлэн авахын тулд Оросын элит десантын цэргүүдийг буулгахыг оролдож байсан Гостомелийн нисэх онгоцны буудалд очсон байна.
"Бид хоёр жилийн өмнө хоёрдугаар сарын 24-нд зугталгүй тулалдаж байлдсан хүмүүст баярлалаа гэж хэлэхээр өнөөдөр энд ирээд байна. Энэ газар бол Москвагийн бүтэлгүйтлийн, Украины бахархлын бэлгэ тэмдэг юм" гэж Ж.Мелони хэлжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский барууны удирдагчдыг халуун дотноор угтан авч, украинчуудад хандаж хэлсэн үгээ байлдааны үеэр сүйрсэн онгоцнуудын өмнө зогсон гар утсаараа бичсэн байна.
В.Зеленский "Украиныг болоод үнэнийг дэмждэг" хүмүүст талархал илэрхийлжээ.