СЭЛЭНГЭ: Хүдэр суманд 27-40 см зузаан цастай, цагаан зудын байдалтай байна

 

Монгол Улсын нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газрын шийдвэрээр зудын эрсдэлийг бууруулах, нөхцөл байдлыг газар дээр нь тодорхойлох шуурхай бүлгүүдийг улсын хэмжээнд томилон ажиллуулж байна.

Сэлэнгэ аймагт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга тэргүүтэй шуурхай бүлгийн гишүүд тус аймгийн Хүдэр, Цагааннуур, Түшиг, Зүүнбүрэн суманд ажиллалаа.

Тус аймгийн Хүдэр сумын тухайд хөрсөн дээр 38.4-43.2 градус хүртэл хүйтэрч, 27-40 см зузаан цастай, цагаан зудын байдалтай байна. Тус сумын хэмжээнд 152 малчин өрх, 296 мал бүхий өрхийн нийт 37671 мал өвөлжиж байна. Сумын хэмжээнд 17165 мал төллөхөөс 0.13 хувь буюу 22 мал төллөжээ. Малын зүй бус хорогдол 88 буюу 0,23 хувь байгаа аж. Тус сумын аюулгүйн нөөцөд нийт 30 тн өвс, 60 тн тэжээл базааснаас энэ сарын 23-ны өдрийн байдлаар 25 тн өвс, 60 тн тэжээлийг малчдад тараажээ.

Малчид өрхийн түвшинд өвлийн бэлтгэлээ сайтар базааж, нийт 5.600 тн өвс, 236 тн тэжээл бэлтгэснээр, одоогийн байдлаар 1.200 тн өвс, 10 тн тэжээлийн үлдэгдэлтэй байгаа гэв.

Аймгийн Онцгой комиссоос 2 тн хивэг, сумын нөөц фондоос 25 тн өвс, 60 тн тэжээл, байгаль орчны газраас зарим өрхөд хуурай мод, Монголын улаан загалмайн нийгэмлэгээс тусламж нэн шаардлагатай 20 өрхөд нийт 11 сая төгрөг, Дэлхийн зөн ОУБ-аас 50 өрхөд нийт 16 сая 500 мянган төгрөгийн тусламж дэмжлэгийг үзүүлжээ.

Түүнчлэн Хүдэр суманд үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас 10 тн хивэг, 2 тн дизель түлшийг сумын Онцгой комисст дэмжлэг болгон өгснөөс гадна цасанд боогдсон замыг нээх, малын бэлчээр гаргах зэрэг нэн чухал ажилд хүн хүч, техникийн туслалцаа үзүүлсэн байна.

Хүдэр сумын хувьд зуд нүүрлэсэн бусад аймаг, сумдтай харьцуулахад малын зүй бус хорогдол харьцангуй бага гэнэ. Энэ нь малыг сульдаж, тэнхээгүй болохоос нь өмнө урьтаж тэжээл өгч тамир алдуулахгүй байх нь чухал хэмээн туршлагатай малчид зөвлөж байлаа.

Цаашид учирч болзошгүй эрсдэлд бэлэн байх үүднээс улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комиссоос 7 тн хивгийг Хүдэр сумын Онцгой комисст хүлээлгэн өглөө. Мөн сумын эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон Ланд крузер-78 маркийн автомашин олгож, сумын аюулгүйн нөөцөд 2 тн шатахууны дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.

Хүдэр сум зудгүй үед ч өвөлдөө цас их унадаг, зундаа хур арвинтай байдаг онцлогтой. Тус сумын тухайд жил бүрийн хавар шар усны үерийн асуудалтай тулгардаг учраас сумын төвд үерээс хамгаалах далан нэн шаардлагатай байгааг ажлын багийнханд сумын удирдлагууд хэллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.17.251)