АРХАНГАЙ: Анхны тогтмол хэвлэл 1947 онд гарчээ
Монгол Улсад тогтмол хэвлэл үүсэж хөгжсөний 111 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Харин Архангай аймгийн тухайд хамгийн анхны тогтмол хэвлэлийг МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 1947 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар тогтоолоор “Архангайн үнэн” сониныг долоо хоногт хоёр удаа гаргаж байхаар шийдвэрлэжээ.
Анхны дугаар нь тухайн оны 11 дүгээр сарын 3-нд хагас хэвлэлийн хуудасны хэмжээтэй 2500 ширхэг хэвлэгджээ. Энэ үед сонины хэвлэх үйлдвэр гар ажиллагаатай, нэг хэвлэх машинтай, 7 ажилчинтай байв.
“Архангайн үнэн” сонины анхны дугаарын тэргүүн өгүүллийг аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Х.Банзрагч “Архангайн үнэн” сонины зорилго нэртэйгээр бичсэн байна.
Анхны мэдээг “Эвлэлийн гишүүн Бат-Очирын малч ажиллагаа” нэртэйгээр тэр үеийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан БНМАУ-ын хөдөлмөрийн баатар У.Доржпалам бичжээ.
Харин анхны гэрэл зургийг 1957 оны 11 дүгээр дугаарт нийтэлсэн байна.
Өнөөдрийн байдлаар Архангай аймагт 2003 онд анхны дугаараа хэвлэж өдгөө 20 жилийн түүхийг бичиж хадгалсан “Архангайн амьдрал”, 2010 онд анхны дугаараа хэвлэж, 14 жилийн түүхийг бичсэн “Архангайн толь” сонинууд орон нутагт тогтмол үйл ажиллагаа явуулж, иргэдийн мэдэх эрхийг ханган ажиллаж байна.