С.Амарсайхан: 2300 өрх шар усны үерийн эрсдэлтэй нөхцөлд байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд 6300 тн нөөцийн махыг нийт долоон аж ахуйн нэгж бүрдүүлсэн. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал хаврын хүнд нөхцөл байдалтай холбоотойгоор 13.7 хувиар өссөн байна. Үүнээс шалтгаалаад айл өрхүүдэд очих нэг килограмм махны үнэ хэт өсөхөөс урьдчилан сэргийлж зарим зохицуулалт хийж байна. Нөөцийн махыг хоёр хоногийн өмнөөс есөн дүүргийн 357 долоон дэлгүүр, худалдааны төвөөр худалдаж эхэлсэн. Гэхдээ энэ асуудал дээр Нийслэлийн засаг даргын эрх мэдлийн хүрээнд зохих шийдвэр гаргаж, төсвийн зохицуулалт хийж зардлын зөрүүг олгосноор махны үнэ тогтвортой байх боломж нөхцөл бүрдэх юм.

Хоёрдугаарт, шар усны үерийн аюул, эрсдэл улам нэмэгдэж байна. Энэ эрсдэлийг бүх шатны төрийн байгууллага, хувийн хэвшил иргэн, аж ахуйн нэгжүүдийн нягт уялдаа холбоотой хамтын ажиллагааны хүрээнд даван туулах нь чухал. Нийслэлд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд 11 тэрбум төгрөгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ. Өнөөдрийн байдлаар 2300 айл өрх шар усны үерийн эрсдэлтэй нөхцөлд байна. Эдгээр айлыг нүүлгэн шилжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр боллоо.

 

Нөгөө талаар зудын эрсдэлийг бууруулах чиглэлээр үе шаттай ажил хийж байна.  Өнөөдрийн байдлаар, 77 394 айл өрхөд 203 мянган боодол өвс, 80 мянган өрхөд тэжээл, 110 мянган айлд 1740 тонн хүнсний бүтээгдэхүүн хүргээд байна.

 

Зүй бусаар хорогдсон малын мах, дайвар бүтээгдэхүүнийг хот суурин газар оруулж ирж, хүнс, үйлдвэрлэлийн шугамаар ашигласан талаар ямар нэгэн зөрчил илрээгүй. Холбогдох байгууллагууд хяналт тавьж байна. Энэ талаар ямар нэгэн баримт нотолгоотой мэдээлэл байвал УОК-ын шуурхай утсанд мэдээлэл өгч болно. Мэдээллийн мөрөөр нарийвчилж шалгах боломжтой. Өнөөдрийн байдлаар дөрвөн сая мал хорогдоод байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.234.124)