Хамгийн чадварлаг хүмүүс багш болдог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэйг онцоллоо

Боловсролын Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр Төрийн ордонд болж, тус зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэв.

Тэрбээр, “Засгийн газраас Боловсролын салбарын багц хуулийн төслийг боловсруулан батлуулж, эрхзүйн орчныг шинэчилсэн. “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жил буюу дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” нь хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхийн зэрэгцээ эрдэм мэдлэгийг дээдэлж, боловсрол, шинжлэх ухааны салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Ингэснээр 2030-2040 онд Шинжлэх ухаан, инновац, технологийн эрин үеийг хамтдаа бий болгох боломжтой. Үүнд бэлтгэхийн тулд боловсролын системээс эхэлнэ” гэлээ.

 

“Өдгөө дэлхийн нийгэм, эдийн засагт цар тахлын дараах үр нөлөө, өөрчлөлт гарч, улс төр, геополитикийн хувьд нэг туйлтаас олон туйлт болон хувьсаж байна. Ийм эгзэгтэй цаг үед хоёр том гүрний дунд оршдог, парламентын засаглалтай ардчилсан Монгол Улс боловсролын салбартаа онцгой анхаарах ёстой гэв.  

 

Боловсролын хөтөлбөрийн цөм нь дэлхийд өрсөлдөх чадвар эзэмшсэн, түүх, өв соёлоо мэддэг, монгол сэтгэлгээтэй эх оронч иргэнийг бэлтгэх юм. Хамгийн чадварлаг хүмүүс багш болдог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэйг Ерөнхий сайд онцоллоо.  


Боловсролын үндэсний зөвлөлийн дэд дарга, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ын талаар танилцууллаа.

БШУЯ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болон Боловсролын үнэлгээний төвөөс 2018-2022 онд хийсэн сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаа, оношлох үнэлгээ, сурах бичгийн агуулгын шинжилгээний үр дүнгүүд нь сургалтын хөтөлбөр, сурах бичигт туссан агуулга нь танин мэдэхүйн сэргээн санах ойлголтын түвшинд төвлөрсөн, хэрэглээний болон бүтээлч түвшинд анхаарал хандуулаагүй гэсэн дүгнэлтэд хүрснийг тодотгов.


Тэрбээр, “Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг давтамжтай хийж ирсэн ч үзэл санааны хувьд “Судлагдахууны агуулга төвтэй сургалтын хөтөлбөр” бүрэн өөрчлөгдөхгүй байна. Мөн олон улсын дундажтай харьцуулахад бага боловсролын түвшинд судалж буй хичээлийн тоо ойролцоо, суурь боловсролын түвшинд харьцангуй олон байна” гэв.

 Ирээдүйн ур чадварын олон улсын судалгаагаар аналитик сэтгэлгээ ба инновац, идэвхтэй суралцахуй ба суралцахуйн арга барил, асуудлыг цогцоор нь шийдэх чадвар, шүүн тунгаах, задлан шинжлэх чадвар, бүтээлч сэтгэлгээ ба шинэ санаа дэвшүүлэх чадвар, технологи хэрэглэх чадвар, технологийн загварчлал ба программчлал, бэрхшээл сорилтыг даван туулах чадвар учир шалтгааныг ойлгох, шийдэл, санаа дэвшүүлэх чадвар чухал байна гэв.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цааш хэлэхдээ, “Боловсролын багц хуулийг баталснаар сургалтын хөтөлбөр, багшийн хөгжил, үндэсний үнэлгээний тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт, сургууль, цэцэрлэгийн менежмент, засаглал, цахим шилжилт гэсэн 6 асуудлаар шинэчлэлт хийх боломж бүрдсэн. Судалгааны дүнд тулгуурлан сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг хийнэ гэдгийг мэдэгдлээ.

Энэ хүрээнд сургалтын хөтөлбөрийн “Хүүхэд бүрийн авьяас” гэх ерөнхий үзэл санааг “Хүүхэд бүрийн чадамж” байхаар тусгасан. Мөн одоогийн хөтөлбөрт суралцахуйн хүрээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ тодорхойгүй байдаг бол шинэ хөтөлбөрт заавал судлах, сонгон судлах, хичээлээс гадуурх үйл ажиллагаа зэргээр суралцахуйн хүрээг нарийвчлан, суурь чадамжийн үнэлгээ, ерөнхий чадамжийн болон олон улсын үнэлгээ гэхчлэн тодорхойлсон ба тэгш хамруулах зарчим, арга зүйг баримтлах ба суралцагчийн эзэмших чадамж цогцоор авч үзсэн” гэв.
 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсролын салбарын шинэчлэлд Засгийн газрын манлайлал хэрэгтэй, Засгийн газрын тэргүүний хувьд бүх талаар үүнийг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв. Боловсролын хөгжил бүх зүйлийн суурь учир сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахдаа багш, эрдэмтэд, иргэний нийгмийн төлөөллийн санал, дүгнэлтийг тусгана.

Мөн их өгөгдөл, математик тооцоололд тулгуурлаж, яамд, салбар дундын оролцоог хангаж, маш тодорхой, хэмжигдэхүйц, хэрэгжихүйц, хугацаатай, бодит тоо, зорилтыг дэвшүүлж шийдвэрлэхийг зөвлөлийн гишүүдэд даалгав.

Боловсролын салбарын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын үзэл баримтлал”-ыг Боловсрол үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батална гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.209.214)